Авлигын ялын бодлогыг чангатгах асуудлыг ирэх долоо хоногийн Лхагва гарагт УИХ-д өргөн барина
2022/04/08
Төв талбайд өчигдрөөс хойш жагсаж буй иргэдтэй Засгийн газрын тэргүүн уулзаж байна. Энэ үеэр залуус тэгш эрхийг шаардаж, авлигад автсан албан тушаалтнуудад тооцох ялын бодлогыг чангатгахыг Ерөнхий сайдаас хүслээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Авлигад идэгдсэн албан тушаалтнууд хуулиар ямар нэг байдлаар ял завшдаггүй байх, хөөн хэлэлцэх хугацаа хэт бага байх, ялын бодлогыг чангатгах асуудлыг бид ярьсаар өдий хүрсэн. Үүнийг ирэх долоо хоногийн Лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанааар хэлэлцэн УИХ-д өргөн барина” гэв.
Залуусын төлөөлөл "Авлига албан тушаалын хуулийг 2021 онд өөрчилж УИХ-ын гишүүдийн ХОМ-ийг УИХ-ын Ёс зүйн дэд хороо шалгадаг болсон. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүд өөрсдийгөө шалгадаг хуультай. Энэ хуулийг өөрчилмөөр байна” хэмээн шаардлагаа илэрхийлсэн.
Хариуд нь Ерөнхий сайд “УИХ-ын гишүүд өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал олгодог, ах дүү хамаатан саднаа томилдог асуудлын эсрэг би үргэлж тууштай зогссоор ирсэн. Сая ярьсан хуулийг ирэх долоо хоногийн Лхагва гарагт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн бүрэлдэхүүнд оруулъя.
Түүнээс гадна, Хөгжлийн Банктай холбоотой нэр бүхий улс төрчид шалгуулж, хэрвээ буруутай бол хариуцлагаа хүлээх ёстой. Өмнө нь Ерөнхий сайд, Ерөнхийлөгч байсан эсэх нь хамаагүй бүх хүн хуулийн өмнө тэгш эрхтэй байх хэрэгтэй.
Би цаашид авлигын эсрэг хамт байна гэдгээ хэлье. Ордонд хүч мөхөствөл би яг ингэж талбай дээр гарч ирээд бодитой асуудлыг ярих болно" гэлээ.