Засгийн газрын хуралдаанаас Монголын залуучуудын холбооны удирдлагуудыг хуулийн байгууллагаар шалгуулах чиглэл дөрөвдүгээр сарын 13-нд өгсөн байдаг. Учир нь тус байрыг хууль бусаар ашигласан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон аж.

Тиймээс Монголын залуучуудын холбооноос байрлаж буй объект, өмч хөрөнгийн талаар хэвлэлийн хурал хийлээ. Залуучуудын холбооны ерөнхийлөгч О.Гэрэлт-Од “Засгийн газрын хуралдаанаар Монголын залуучуудын холбооны өмч хөрөнгө ашиглахтай холбоотой шалгалт хийлгэх талаар ярьсан. Мөн иргэдээс уг объектыг хүүхдийн эмнэлэг болгох санал гаргасан.

Баяртайгаар хүлээж авч байна. Дээрээс нь З.Энхболд Төрийн өмчийн хорооны дарга байх үед Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн 200 гаруй барилга, объект хувьчлагдсан. Үүнийг дахин шалгаж өгөөч ээ хэмээн Засгийн газарт санал тавьж байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хүүхдийн эмнэлгийн зориулалтаар ашиглах боломжтой эсэх талаар дүгнэлт гаргаж өгөх хүсэлтийг хүргүүлсэн. Хэрэв холбогдох байгууллагаас боломжтой гэсэн дүгнэлт гарвал, үүнийг дэмжинэ. Анх манай эвлэлийн гишүүд тухайн үеийнхээ хандив, тусламжаар МЗХ-ны байрыг барьсан. Мөн социалист орны залуучуудын холбооны дэмжлэг орсон.

Энэ байрны хоёр давхарт Залуучуудын холбоо байрладаг бол нэг давхрын хагаст нь холбооны дэргэдэх байгууллагууд байна. Дөрвөн давхар тус байрны хоёр давхрыг нь 20 гаруй байгууллага түрээслэдэг юм. Нэг мкв талбайг 35 мянган төгрөг. Манайх төрөөс ямар нэгэн санхүүгийн дэмжлэг авдаггүй, түрээсийн мөнгөөрөө үйл ажиллагаагаа явуулдаг. Хэрэв мэргэжлийн хяналтаас хүүхдийн эмнэлгийн зориулалтаар ашиглах боломжтой гэсэн дүгнэлт гарвал түрээслэгч нартайгаа ойлголцоно.

Байрны нэг давхарт МЗХ байрлаж, үлдсэн гурван давхарт нь хүүхдийн эмнэлэг байрлах юм бол, тэд өөрсдөө ашиглалтын задлаа төлөөд явах байх” гэлээ. Мөн тэрбээр хуулийн байгууллагуудтай хамтарч ажиллахад бэлэн гэдгээ онцлон хэлсэн юм.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН