Шадар сайд С.Амарсайхан олон нийтийн сүлжээнд пост бичсэн иргэнийг Эрүүгийн хуулиар шийтгэж, ялтан болгуулахыг хүсэж, мөрдөн байцаах газарт өргөдөл өгсөн талаар мэдээлэл хийлээ. 

Иргэн Т.Шинэбаяр "Шадар сайд С.Амарсайхан гомдол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиар намайг шийтгэх цагдаагийн дуудах хуудсыг энэ оны дөрөвдүгээр сарын 19-нд ирүүлсэн. Гэхдээ надад гардуулж өгөөгүй, өндөр настай ээжид минь өгсөн байсан. Өргөдөлтэй нь танилцахад Шадар сайд миний бичсэн фэйсбүүкийн постоос болж дараах асуудлуудад гомдсон байна. 

Нэгдүгээрт, Монгол Улсын эдийн засгийг тэлэх гэтэл хийн хоолойн асуудлыг эсэргүүцсэн.

Хоёрдугаарт, Туулын бургасыг хядсан асуудлын ард Шадар сайд болон түүний ах дүүс байгаа тухай бичсэн.

Гуравдугаарт, Цар тахлын үед хэвтэх эмнэлэг байхгүй байхад 3.2 тэрбум төгрөгөөр усан оргилуур барьсныг эсэргүүцсэн. 

Дөрөвдүгээрт, Монгол Улсын Засгийн газрыг удаа дараа шүүмжилж байгаа нь таалагдахгүй байна. 

Тавдугаарт, Шадар сайдын аав нь шарил ухдаг хятад хүн байсан. Хүү нь Монгол Улсыг самарч байна гэсэн пост юм.

Миний хувьд хэвлэл мэдээллийн салбарт ажилладаг. Тиймээс миний мэргэжилтэй холбоотойгоор баримтгүй мэдээлэл гаргасан тухай ямар ч гомдол байгаагүй. 

Харин Үндсэн хуулиар олгогдсон эрхийг хөндөж, үзэл бодлоо илэрхийлсний төлөө Эрүүгийн хуулиар ял шийтгэж өгөөч гэсэн гомдлыг Шадар сайд цагдаагийн байгууллагад хүргүүлсэн байна. 

Надад ял шийтгэл оноочих юм бол цаашид өөр илүү олон иргэний амыг нь хаах үйл ажиллагаа эхлүүлж байна гэж хардаж байгаа. Дээр дурдсан таван асуудлыг иргэнийхээ хувьд үнэхээр эсэргүүцдэг. Эрх мэдэлтний холбогдсон асуудлуудыг хөндөж байгаа учир хуулийн байгууллагуудад дуудагдах юм байна. 

Хууль сурталчлах ёстой УИХ-ын гишүүн хүн Эрүүгийн хуулиар шийтгэ гэж өөрөө хууль захиалж байгаа нь хэр зохимжтой вэ? 

С.Амарсайханыг шалгуулахаар АТГ, шүүхийн байгууллага, МАН-ын хяналтын хороо, УИХ-ын Тамгын газар, Хүний эрхийн дэд хороо, олон улсын хүний эрхийн байгууллагуудад хандана. Түүнийг сайдаас нь огцруул гэдэг шаардлагыг гаргаж тавина. Дээрээс нь манай улсад ажиллаж байгаа барууны Элчин сайдуудад хандаж, коммунист үзэлтэй хүн тул түүнд хилийн хориг тавьж өгөхийг хүснэ. Ардчилсан улсад иргэний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхэд ноцтой халдаж байна.

Өөрийнхөө нэр дээр сан байгуулна. Туршлагатай сайн хуульчид, эрэн сурвалжлах сэтгүүлчидтэй баг болж ажиллана. Тиймээс олон нийтээс санхүүгийн болон сошиал хамгаалалт хүсэж байна" гэлээ.