Э.Бат-Үүл: Нэг хүнд битгий хэл нэг ад зэтгэрт ахдахаар гүтгэлэг, доромжлолыг би амссан
2022/05/12
-Х.Баттулгыг Путинтэй хамтраад Монголын ардчиллыг нугачин дарахыг зүгээр хараад сууж чадахгүй -
Монгол Улсын баатар Э.Бат-Үүлтэй ярилцлаа.
- Та ардчилал, хүний эрх, эрх чөлөөний төлөө тэмцэж ирсэн хүний хувьд Орос Украины дайны асуудалд ямар байр суурьтай байна вэ?
- Юуны өмнө Путин Украин руу яагаад түрэмгийлэх болсон юм бэ гэдэг асуултын хариултыг тунгааж бодох нь зүйтэй байх. Путин Украиныг Беларусь шиг дарангуйллын дэглэмтэй, өөрийнх нь гар хөл болсон ийм улс байлгахыг л хүссэн. Украинд тийм л шаардлага тавьсан.
Мэдээж энэ шаардлагыг Украины ард түмэн хүлээж аваагүй учраас тэднийг номхон, дуулгавартай байсангүй хэмээн Путин халдан түрэмгийлсэн. Энэ түрэмгийлэл угтаа 2014 оноос эхэлсэн. Тэр цаг үеэс Путин Украиныг өдөөн хатгасаар сүүлдээ түрэмгийллээ. Бид өрнөөд байгаа үйл явцын учир шалтгааныг маш сайн ойлгох хэрэгтэй. Манай улсын зарим иргэд Украин ОХУ руу түрэмгийлсэн мэт буруу ташаа ойлголт авч ОХУ-ыг өмөөрөх, өмгөөлөх хандлага гаргаж байна.
Орос, Украин руу түрэмгийлсэн болохоос Украин Орос руу түрэмгийлээгүй шүү дээ. ОХУ анхнаасаа Крымыг Украинаас салгаж авч дараа нь Донбасс, Луганскийг салган авч сүүлдээ Украиныг бүтэн эзэлж авахаар дайрсан. Энэ дайралт нь бүтэлгүйдлээ. Украиныг эрх чөлөөтэй, ардчилсан улс байх гэснийх нь төлөө тэднийг буруутгаж, заналхийлж, дайрч, өөрсдийн дагуул улс болгохыг оролдож болохгүй.
Ер нь Путин хил залгаа хөрш улс орнууддаа өөрийн дэглэмийг тогтоож, өөрийн гар хөл болгохыг зорьдог нь Беларусийг өөрийн эзэмшилд авсан цаг үеэс тодорхой болсон. Беларусь Путиний тоглоомын улс болсон. Харин Украин энэ түрэмгийллийг хүлээн зөвшөөрөөгүй. Украин руу дайрснаас үүдэн бусад хөрш орнууд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч эхэлж байна шүү дээ.
- Та Монгол Улс дараагийн Украин болохыг үгүйсгэхгүй гэж хэлэх гээд байна уу?
- Биднийг дуулгавартай байхыг шаардаад түүнийг нь эсэргүүцэх юм бол дайрах нь тодорхой байна шүү дээ. Орос Украины дайн олон улсад хамааралтай гэхээсээ илүү нэн тэргүүн Монголд хамаатай асуудал.
Бид хөрш нь учраас дараагийн Украин болоход бэлэн байна. “Та нар манай үгэнд орсонгүй” гээд дайрах нь байна. Монгол Улсын Гадаад харилцааны сайд байсан Л.Эрдэнэчулуун “Та нар яагаад Путиний үгэнд орохгүй байгаа юм” гэж сануулга өгч байна.
Өөрөөр хэлбэл, Л.Эрдэнэчулуун сайд ичгүүр сонжуургүйгээр “Путин та нарыг үгэндээ орохгүй бол яахыг хараарай” гэх нь холгүй монголчуудаа заналхийлж байна. Бүрэн эрхт тусгаар тогтносон Монгол Улсын Гадаад харилцааны сайд байсан хүн шүү дээ.
Украин руу Путин түрэмгийлсэн дайн бол ерөөсөө “Жижиг орнуудад үгэнд орохгүй бол хохь чинь шүү” гэсэн дайн болж байна. Тийм учраас энэ дайн Монгол Улсад маш их хамаатай.
- Манайх хөршүүдтэйгээ найрамдалт харилцаатай учраас Орос, Украины дайнтай холбоотой асуудалд төвийг сахисан байр суурьтай байгаа. Том гүрэн жижиг орныг түрэмгийлж байгаа асуудлыг шууд буруутгаж чадахгүй байгаа нь хөршийн найрсаг харилцаа юу, эсвэл ОХУ-ын дараагийн бай болохоос урьдчилан сэргийлж байгаа явдал уу?
- Төрийн нэрийн өмнөөс, тэр дундаа Гадаад харилцааны сайдын нэрийн өмнөөс хариулж чадахгүй. Монгол Улсын байр суурийг илэрхийлэхдээ ямар нэгэн зүйл бодсон болоод илэрхийлсэн байх. Төрийн ажил хийж байгаа хүмүүс иргэдийнхээ өмнөөс асуудалд болгоомжтой, сэрэмжтэй байх нь зүйн хэрэг учраас юу юугүй буруутгаж чадахгүй.
Миний хамгийн их цочирдож хүлээж авсан зүйл бол жирийн иргэд дунд Украин ОХУ руу дайрсан мэт буруу ташаа ойлголт их явж, Путиний түрэмгийллийг дэмжиж байгаа явдал их байгааг гайхсан. Дэлхийн бусад улс орнууд манай улсын төр засгийн удирдлагуудын болгоомжлолыг зүй ёсоор хүлээж авч, ойлгож болно. Гэхдээ эрх чөлөөт, ардчилсан улсын жирийн иргэд нь Путиний түрэмгийллийг дэмжиж байгаа явдлыг яагаад ч ойлгохгүй. Энэ бол Монгол Улсын нэр төрийг шившигтэй байдалд оруулж байгаа хэрэг.
- Иргэдийн дунд ОХУ-ыг дэмжих, зөвтгөх кампанит ажил санаатайгаар өрнүүлсэн байж болох уу. Хэн нэгэнд ийм ашиг сонирхол байх магадлалтай юу?
- Санаатайгаар кампанит үйл ажиллагаа явуулсан. Өөрөөр хэлбэл, монголчууд Путиний түрэмгийллийг дэмжиж байгаа мэтээр харагдуулах оролдлогыг санаатайгаар зохион байгуулж байна. Ганцхан жишээ хэлэхэд МҮОНРТ иргэдэд тэнцвэртэй мэдээлэл хүргэх ёстой. Гэтэл ганцхан Путиний үзэл суртлыг дамжуулаад эхэллээ. Энэ чинь юу гэсэн үг юм бэ.
Тусгаар тогтносон Монгол Улсын цагдаагийн байгууллага Оросын цагдаа болчхоогүй биз дээ. Тэгээд яахаараа адилхан жижиг улсын зовлонг ойлгоод өөрсдийн үзэл бодол, ёс суртахууныг илэрхийлж, эрх, эрх чөлөөг илэрхийлсний төлөө цагдаа очиж дарамталдаг юм бэ. Энэ бол санаатайгаар зохион байгуулж, иргэдийн тархи толгойг угаах ажлыг хийж байна. Өрнөж байгаа үйл явцыг анзаараад байхад эртнээс бэлдчихсэн байсан нь тодорхой байгаа.
Путин Украин руу түрэмгийлж эхэлмэгц түүнийг зөвтгөсөн суртал ухуулга Монголд давлагаалаад эхэлсэн шүү дээ. Тэр ч бүү хэл Оросын соёлын төв дээр зохион байгуулалттайгаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр Путиний түрэмгийллийг зөвтгөх, түүнийг эерэг талаас нь сурталчлахад зориулсан ажиллагааг зохион байгуулах төв ажиллаж байгаа талаар жиг жуг хийцгээж байна.
Нэг ёсондоо Путинийг дэмжиж, түүний төлөө ажиллахад бэлэн тавдугаар цуваа манайд ажиллаад байна гэсэн үг. Үүнийг зохион байгуулах мэргэжилтнүүд манайд ирж ажилласан гэж хардаж болохоор байдалтай байна.
- Манай улс дайныг дэмжсэн суртал ухуулга явуулбал дэлхийн улс орнуудын элдэв төрлийн хоригт орж болзошгүй байна шүү дээ?
- Хэрэв Путиний түрэмгийллийг дэмжих явдал хэрээс хэтэрвэл манайх бүх төрлийн хоригт орно. Үүнийгээ ч дайныг эсэргүүцэж байгаа дэлхийн улс орнууд илэрхийлсэн. Ингэх нь аргагүй шүү дээ. Тусгаар тогтносон эрх чөлөөт орон руу ямар ч учир шалтгаангүй халдан түрэмгийлж байна шүү дээ. Энэ үйл явцыг зөвхөн Европын холбоо ч биш, НҮБ-д нэгдсэн 140 гаруй улс орон эсэргүүцэж байна.
Тэр дундаа НҮБ-ын гишүүн жижиг улс орнууд хүчтэй эсэргүүцэж байна. Учир нь жижиг улс руу их гүрэн түрэмгийлдэг байдал газар авбал ямар ч жижиг улсын аюулгүй байдал баталгаагүй болно шүү дээ. ОХУ, БНХАУ, АНУ, Европын холбоо дуртай үедээ жижиг улс орнууд руу довтлоод байвал жижиг улсын зовлон барагдахгүй биз дээ. Гэтэл бид дараагийн бай нь болох магадлалтай байж Путинийг дэмжинэ гэдэг бол дэндүү том тэнэглэл.
Улс төр гэдэг бол дарамт дор амьдар л гэсэн үг. Яаж ч мэднэ гэсэн бодолтой амьдар гэсэн үг
Манай улс жижиг улс орнуудын дунд угтаа нэлээд нэр хүндтэй орон байсан. Одоо энэ нэр хүнд шалаар нэг болж байна. Монгол Улсыг жижиг орнууд харахдаа хоёр том гүрний дунд бүслэгдчихсэн эрх чөлөөний арал гэж хардаг. Гэтэл их гүрэн жижиг улс руу түрэмгийлж байгааг зөвтгөөд сууж байхад дараа нь хэн нэгэн бидэн рүү халдвал НҮБ дээр ямар нүүрээ очих юм бэ. Тийм учраас дайнтай холбоотой асуудалд хандах бидний байр суурь монголчуудын нэр төрийн асуудал болж хувирна.
Украин ОХУ-ын хооронд үүссэн дайнаас хойш нэгдүгээрт, Украин Орос руу дайрсан мэт суртал ухуулга хүчтэй явлаа.
Хоёрдугаарт, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Лавровын түвшинд хүртэл Монголд биологийн зэвсэг байж магадгүй гэсэн цуу яриа тараалаа. Биологийн зэвсэг манайд байж болзошгүй гэдэг яриа бол асар хор хөнөөлтэй. Учир нь Оросын цэргийн номлолоор хөрш орнуудад нь ОХУ-ын аюулгүй байдалд хөнөөл учруулахуйц биологийн зэвсэг гэх мэт үйл ажиллагаа явагдаж байвал, Орос цэргийн ажиллагаа явуулна гэсэн зарчим бий.
Хэрэв манайд биологийн зэвсэг байж магадгүй гэвэл Орос шууд дайраад ороод ирэхийг үгүйсгэхгүй. Путин Украин руу дайрах бас нэг шалтгаан нь биологийн зэвсэг байх магадлалтай хэмээн гүжирдээд дайрсан шүү дээ. Энэ үйл явдлын дараа Монголд биологийн зэвсэг байгаа мэт яриа гаргаж байгааг юу гэж ойлгох вэ. Гуравдугаарт, Элчин сайд Азизов эрээ цээрээ алдаж эхэлсэн. “Та нар ардчилал энэ тэр гээд олон юм яриад байвал хохь чинь шүү” гэсэн юм ярьсан. Бидний сонгосон хөгжлийн замыг шүүдэг тэр хэн юм бэ. Тэр тэнэгтээ ингэж яриад байгаа ч юм биш өдөөн хатгаж байгаа хэрэг.
Бид жижигхэн улс гэдэг нь үнэн боловч тэнэг гэсэн үг биш. Манай намын хэсэг нөхөд болоод ОХУ-ын элчин сайдын үйлдэлд дургүйцсэн иргэд эсэргүүцлээ илэрхийлсэн. Бид монголчуудынхаа нэр төрийг авармаар байна. Оросуудад бид аймхай улс биш гэдгээ харуулахын төлөө тэмцэж байгаа. Оросын гар хөл болж байгаа Ерөнхийлөгч асан Х.Баттулга тэргүүтэй хүмүүсийн үйл ажиллагааг таслан зогсоох ёстой.
Энэ хүмүүс Монголыг Оросын дагуул улс болгохын төлөө тэмцэж болохгүй биз дээ. Би удаа дараа хэлж байгаа. Монгол Улс Оросын, Хятадын, Америкийн, европын дагуул баймааргүй байна. Монгол Монголоороо л баймаар байна.Бид эрх чөлөөтэй л баймаар байна. Бид хэнтэй ч дайсагнадаггүй. Бид хэр хэмжээгээ мэднэ.
Монгол Улс ардчилсан улс байх нь манай хоёр хөршид ч ашигтай. Яг үнэнийг хэлэхэд, би Украины ард түмнээр бахархаж байна. Тэднийг олон жил Путин дарамталсан. Путиний дарамтаас европ, америк, НАТО ч айсан. Барууны ертөнц Путинээс айгаад олон жил болсон. Путин даварсаар сүүлдээ Украин руу халдлаа. Украинчууд өөрсдийн эрх чөлөөгөө хамгаалахаас гадна барууны ардчилсан улс орнуудыг хамгаалж, нэр төрийг нь аварч гарлаа. Дэлхийн соёлт хүн төрөлхтний эр зоригийг украинчууд бадрааж өглөө.
- Х.Баттулга гэснээс АН-ын хөл толгойг жирийн иргэд болоод намын гишүүд нь ч ойлгохоо болилоо. Ардчилсан намд үүссэн асуудал Монголын ардчилалд ч том хохирол учруулж, ухралт авч ирж байна. Ардчилсан намын цаашдын хувь заяаг юу гэж харж байна?
- Монголын ардчилал Ардчилсан намын хагарлаас үүдэн эрсдэлтэй байдалд орсон нь үнэн. Ардчилсан намыг нэгтгэж нийлүүлэхийн тулд би хувьдаа ихээхэн хичээл зүтгэл гаргасан. Намынхаа залуу шинэ үеийг цуглуулаад баатрынхаа тэмдгийг намынхаа туганд зүүгээд нэгдэхийг уриалсан. Үнэндээ намынхаа залуу шинэ үед маш их харамссан. Угтаа шинэ залуу үеийнхэн гарч ирж байж л Ардчилсан нам нэгдэх учиртай. Намаа хагалсан нөхдүүдийг зайлуулах цаг болсон. Хүрэх юмандаа хүрсэн бидний үеийнхэн залуучууддаа зайгаа тавьж өгөх цаг болсон.
Х.Баттулга О.Цогтгэрэлд, С.Эрдэнэ М.Тулгатад зайгаа тавьж өгөх ёстой байтал эсрэгээрээ О.Цогтгэрэл Х.Баттулгад, М.Тулгат С.Эрдэнэд зайгаа тавиад өгчихсөн. Залуучууд маань ямар мохоо, хулчгар юм бэ. Залуучууд зайгаа тавьж өгснөөс болоод бүр эвлэрэхийн аргагүй гүн хямрал руу яваад орчихлоо. С.Эрдэнэ, Х.Баттулга хоёр эвлэрнэ гэж байхгүй. Одоо бүр намынхаа үнэт зүйлийг хагаралдуулж эхэллээ.
Би Украины түрэмгийллээс хойш Х.Баттулгыг эргэлт буцалтгүй Путин дарангуйлагчийг дэмжих болжээ хэмээн харж байгаа. Хүний эрх, ардчилал, эрх чөлөөг дээдэлдэг Ардчилсан намын гишүүн дарангуйллыг дэмжигч байх боломжгүй. Путин сөрөг хүчнийхнийгээ 10 жилээр шоронд хорьж байна. Өөрийг нь шүүмжилсэн хэвлэл мэдээллийн ажилтнууд, сэтгүүлчдийг 15 жилээр хорьж Оросыг дараагийн Хойд Солонгос болгож байна. Гэтэл үүнийг Х.Баттулга дэмжиж байна.
Би лав Х.Баттулгын энэ үзэл санаатай эвлэрч чадахгүй. Одоо манай намын асуудал дүрэм журам, шүүхийн бүртгэлийн асуудал биш болсон. Харин Х.Баттулгаас Монгол Улсын тусгаар тогтнолыг хамгаалах уу, үгүй юү гэдэг асуудал болсон. Путиний Монголыг Беларусь шиг болгох гэж оролдож байгаа явдлын гар хөл болж байгаа Х.Баттулгаас эрх чөлөөгөө бид хамгаалж чадах уу, үгүй юү гэдэг үзэл санааны зөрчил болсон.
Өмнө нь би Х.Баттулгыг Ардчилсан намаа нэгтгэхийн төлөө хамтраад залуучууддаа байр сууриа тавьж өгөхийг уриалж байсан. Одоо бол Х.Баттулгыг би уриалж чадахгүй. Яагаад гэвэл Х.Баттулга гурван гутамшигтай урвалт хийсэн.
- Та ямар ямар урвалт хийснийг тодорхой хэлж болох уу?
- Болно, болохгүй гээд бөөрөнхийлөөд ч байх шаардлага байхгүй.
Нэгдүгээрт, Монгол Улсын тусгаар тогтнол, Бүрэн эрхт байдлаас урвасан. Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа Орос улсад Монголыг дагаар оруулах санал гаргасан нь сая илэрсэн.
Путиний санаачилсан Хамтын аюулгүй ажиллагааны байгууллагад элсэх санал 2020 онд гаргасан байна. Энэ санал бол товчхондоо Оросын дагуул улс болъё гэсэн санаа. Оростой эдийн засгийн интеграцад орох санал гаргаж байсан байна. Угтаа манайх олон тулгуурт эдийн засагтай улс шүү дээ. Дээрээс нь Оростой стратегийн түншлэлийн гэрээ байгуулах үедээ гадаад харилцааныхаа асуудлаар Оростой зөвлөлддөг байх тухай, дээр нь Монголд ямар төмөр зам барихыг оросууд мэдэх маягийн зүйл хийж явсан байна. Тэгэхээр энэ хүн чинь Монгол Улсын Бүрэн эрхт тусгаар тогтнол руу халдаж, эрх чөлөөг үгүйсгэж Путинд урвасан хэрэг мөн биз дээ.
Хоёрдугаарт, ардчиллаас урвасан. ОХУ-ыг дараагийн Хойд Солонгос болгох гэж байгаа дарангуйлагчийг дэмжсэн.
Гуравдугаарт, монгол хүний эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөө, улс төрийн эрх чөлөөг дээдэлсэн намынхаа үзэл санаанаас урваж Путинтэй хамт дарах мохоох оролдлого хийж байна. Тиймээс би ийм урвагчтай цаашид хамт явж чадахгүй. Би Х.Баттулгыг Путинтэй хамтраад Монголын ардчиллыг нугачин дарахыг зүгээр хараад сууж чадахгүй.
- Та Х.Баттулгыг эх орон, нам эвсэл, үзэл санаанаасаа урвасан л гэж байна. Гэтэл Ардчилсан намын гишүүд түүнийг Ардчилсан намын дарга болгох гээд хэдэн мянгаараа гарын үсэг зурцгааж, түүнийг дэмжигчдийн тоо нэмэгдээд байгааг юу гэж ойлгох вэ?
-Ардчиллынхаа үзэл санаанд үнэнч, түүнийгээ ямар ч үнэ мөнгөнд худалдаагүй гишүүд бидний талд байгаа. Би дүүргүүдээр явж намынхаа гишүүд дэмжигчтэй уулзсан. Үзэл санаандаа үнэнч хүмүүс заал дүүрэн цуглаж байна. Гэтэл нөгөө талаар юу болоод байгаа учрыг нь ч олоогүй, Х.Баттулгыг урвасныг мэдээгүй хүмүүс ч байна.
Сүүлийн үед Х.Баттулгын баримтуудыг дэлгээд эхлэхээр манай намын гишүүд дэмжигчид, жирийн иргэд “Нээрээ юу болоод байна вэ” хэмээн зогтусаж байна. Би нэг зүйлд эргэлзэхгүй байна. Тун удахгүй дээр дурдсан Х.Баттулгын гурван урвалтын талаар бүгд мэднэ. Тэр үед Ардчилсан намын гишүүд хэн нь хэн бэ гэдгийг ялгаж салгаж сонголтоо хийнэ.
Дээр нь ардчиллын төлөө биш, намын даргын сунгааны үеэр сонгуульт ажил хийж цалин мөнгө авдаг иргэн олон байна. Түүнээс биш Х.Баттулгыг дэмжигчид нэмэгдээд байсан зүйл үнэндээ байхгүй. Энэ дашрамд хэлэхэд, цаашид үзэл санаандаа үнэнч гишүүдээр намаа бүрдүүлье. Ардчиллын үнэ цэнийг ойлгодоггүй, намыг өнгө мөнгө, эрх мэдэл гэж боддог гишүүдээсээ салах цаг болсон.
- Х.Баттулга, С.Эрдэнэ намаа аврах нь өнгөрсөн юм шиг байна. Ардчилсан намын ирээдүйд ёлтойх гэрэл байна уу. Эсвэл та дахин нэг оролдлого хийх юм уу?
- Илэн далангүй хэлэхэд, одоо би намынхаа асуудлаас халиад Монгол Улсын тусгаар тогтнолын төлөөх тэмцэл рүү яваад орчихсон. Яагаад гэвэл Орост дагаар орох үзэл санаанд автах, энэ үзэл санаагаар иргэдийн тархийг угаах явдал маш хүчтэй байгааг харсан.
Путинийг тавдугаар цувааг Монголд бэлэн байлгаж, цаашлаад цэргийн ажиллагаа явуулахад ч бэлэн болчихсон байгааг харсан. Тиймээс миний тэмцэл намын асуудлаас хальж, Монгол Улсын ардчилал, тусгаар тогтнолыг хамгаалахын төлөө тэмцэхээс өөр аргагүй байдалд хүрлээ. Монголчууд бид ардчилал байхгүй бол манайд дарангуйлал тогтоно гэдгийг ойлгох хэрэгтэй. Дарангуйлал тогтвол Оросыг дагасан, Путинийг дагасан дарангуйлагч л гарна.
Сүүлийн үед иргэдийн дунд “Хятадын гарт орж байхаар Оросын гарт орсон нь дээ” гэсэн үзэл санаа хот, хөдөөгүй их тархсан. Үнэндээ Хятад улсаас манай тусгаар тогтнол руу дайсагнасан асуудал байхгүй шүү дээ. Энэ яриаг хэн, хаанаас тараагаад байгаа юм. Энэ яриаг тараасан эзэн нь Х.Баттулга гэдгийг би маш сайн мэднэ.
“Хятадад дагаар орж байхаар Орост дагаар оръё” гэдэг Х.Баттулгын хэлдэг үг, итгэл үнэмшил. Энэ үзэл санааг нийгэмд асар их хэмжээний мөнгөөр л тарааж байгаа. Х.Баттулга, Азизов хоёр арай дэндэж байна. Хоёрдугаарт, би намынхаа залуучуудад зориг зүрхээ чангалахыг эцэж цуцахгүй хэлж байна. Энэ намыг ялзруулсан бид зайгаа тавьж өгье гэдгээ улиг болтол хэлж байна. Гэтэл өөрсдөө зайгаа тавьж өгөөд байх юм.
- Залуучуудыгаа байр сууриа тавьж өгтөл нь танай үеийнхэн дарамтлаад байсан юм биш үү?
- Улс төрд орсон хүн ямар нэгэн дарамт үзэхгүй амьдарна гэж бодоод байгаа юм уу. Улс төр гэдэг бол дарамт дор амьдар л гэсэн үг. Яаж ч мэднэ гэсэн бодолтой амьдар гэсэн үг. Аягүйдвэл чи цовдлуулж ч мэднэ гэж бодож амьдар гэсэн үг.
Улстөрч болж улс төрийг сонгож байгаа бол анхнаасаа үүнийг мэдэж байж сонгох хэрэгтэй л дээ. Түүнээс биш улс төр гэдэг нялх хүүхдийн өлгий биш шүү дээ. Эрхлүүлдэг аав ээж, ах дүү чинь ч биш. Сүүлийн үед улс төрд орж байгаа залуус ямар нялцанхай болчихсон юм бэ. Үг даахгүй, ачаа даахгүй, өл даахгүй. Харин Z generation үеийн залуусыг хараад Монголд аврал ирж байгаа юм байна гэсэн итгэл төрж байгаа. Нэг сонирхолтой түүх хэлэхэд, 1945 онд Гитлер ялагдсаны дараа 1965 он хүртэлх 20 жилийн турш германуудын Гитлерт талтай байсан хандлага арилаагүй гэж байгаа. Манайд ч ялгаагүй Зөвлөлтийн дарангуйлалд байж сурсан зөвлөлтөжсөн монголчууд тэр сэтгэлгээнээсээ салж чадаагүй байна. Харин энэ Z generation үеийн залуус гарч ирж байж сая энэ сэтгэлгээнээсээ салах нь.
- Цаашид дайны байдал хаашаа эргэхийг хэн ч хэлж мэдэхгүй байна. Манай улс гуравдагч хөршийн асуудлаар олон жил ярьсан. Бодит үр дүн өнгөрсөн хугацаанд төдий л байгаагүй нь өнөөдөр тод харагдаж байх шиг байна. Та үүнтэй санал нийлэх үү?
- Тантай санал нийлнэ. Учир нь Путиний түрэмгийллийн үеэр юу анзаарагдав гэхээр манайд оросын талын үзэлтэй, гуравдагч хөршийн эсрэг үзэлтэй хүмүүс багагүй байсан нь харагдлаа. Бүр тийм хүмүүсийн нэг нь Гадаад харилцааны сайдаар ажиллаж байж. Тийм учраас гуравдагч оронтой харилцаа хамтын ажиллагаагаа хөгжүүлэх асуудалд хойрго хандаж ирж.
Цаашлаад Х.Баттулга Ерөнхийлөгч болсноор гадаад бодлогын жолоог өөр тийш нь залж, Оросын дагуул улс болгох асуудал ч яригдаж. Гуравдагч оронтой харилцаагаа өндөр түвшинд гаргаж чадаагүй нь манайхаас болсон. Түүнээс биш манай улсын хувьд гуравдагч хөршийн харилцаа хамгийн үнэ цэнтэй зүйл. Бид зоригтой байвал дэлхийд үнэ цэнтэй улс. Бид өнөөдөр зоригтой байж ирээдүйгээ, эх орноо, тусгаар тогтнолоо хамгаална.
Швейцар, Сингапур хоёр их гүрнүүдийн дунд оршдог жижиг улс хэдий боловч тэд их гүрнүүдэд “Та нар бид нар руу халдвал эзэлсэн ч өөрсдөө сөнөнө” гэдгийг ойлгуулж чадсан. Тийм эрэлхэг зоригтой байсан. Гитлер ямар сайндаа Швейцар руу дайраад нам даруулах вэ дээ. Сингапур гэхэд маш хүчирхэг зэвсэгт хүчинтэй болоод бүх улс орнуудад “Бид жижиг хот гэдэг нь үнэн. Та нар бидэн рүү халдвал сүйрнэ” гэдгийг сануулсан. Монголчууд бид ч тэдний зарчмыг баримтлах ёстой. Бид цөөхөн нь үнэн боловч Чингисийн Монгол гэдгээ мартаж болохгүй.
- Чингисийн Монгол гэж бид цээжээ дэлдэх, огших, омогших дуртай. Бодит байдал дээр дайн тулааны байдал даамжирвал бид тусгаар тогтнолоо хамгаалах нөөц бололцоо, зэр зэвсэг, зэвсэгт хүчний чадамж хэр байна вэ. Гар хоосон мориндоо мордоод дайралтай биш дээ?
- Ер нь өнгөрсөн 30 жил бид зэвсэгт хүчнийхээ талаар үнэхээр хариуцлагагүй хандаж ирсэн. Үнэндээ энэ салбараа орхисон гэж хэлэхэд хилсдэхгүй байх. Би хотын дарга байхдаа зэвсэгт хүчнийхээ давуу тал, ач холбогдлыг дөвийлгөхийн тулд “Монгол цэргийн жавхаа” хэмээх үйл ажиллагаа явуулж байсан. Улс орны зэвсэгт хүчин сул дорой байх нь ямар аюулд хүргэдгийг Украин Кримийг алдах үед харуулсан.
Манайхаас хүсвэл цэргийн хүчээр Баян-Өлгийг булаагаад авчихвал бид яах юм. Яаж ч чадахгүй. Энэ бол зэвсэгт хүчнээ умартсаны гай. Ер нь бид цаашид зэвсэгт хүчнээ маш хүчирхэг болгох хэрэгтэй. Бие бүрэлдэхүүний дэлхийн шилдэг зэвсэгт хүчинтэй улс оронд олноор нь бэлдэх шаардлагатай.
Ер нь эцсийн эцэст эх орноо хамгаалах зэвсэгт хүчин хүчирхэг байж бид амар амгалан байна. Муугаар бодоход Орост улаан цагаанаараа хуваагдаад иргэний дайн болоход Барон Унгерн шиг манайх руу зугтаад ороод ирвэл манай зэвсэгт хүчин иргэдээ хамгаалж чадах уу гэдгийг бодох л асуудал. Одоогийн байдлаар хамгаалж чадахгүй л болов уу.
- Манай улсын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн ур чадвараараа дэлхийд тийм ч доогуур ордоггүй л гэдэг.Хүнээ бэлдчихлээ гэхэд сүүлийн үеийн зэр зэвсэг, техник хэрэгслийг авах хөрөнгө санхүү байхгүй л байна шүү дээ?
- Өөр зүйлд өчнөөнөөр нь зарцуулж байгаа мөнгөө аюулгүй байдлын төлөө гаргах л хэрэгтэй шүү дээ. Өнгөрсөн хугацаанд зэвсэгт хүчиндээ зориулаагүй. Манай зэвсэгт хүчин гуйлгын болоод тусламжийн хэдэн зэвсэгтэй байгаа л байх. Зэвсэгт хүчиндээ анхаарал хандуулах цаг болсныг Украин, Гүржийн гашуун түүх харуулж байна. Хоёрдугаарт, Зэвсэгт хүчин бол Монгол Улсын жинхэнэ иргэдийг бэлтгэдэг газар.
Гэтэл залуус сургуулиа төгсөөд паб, баартай л золгож байна. Үнэнийг хэлэхэд, манай улс хамгийн сүүлд армийнхаа асуудалд анхаарч байна. Армийн ачаар аюулгүй, энх тайван, тусгаар тогтносон улс байна биз дээ. Би УИХ-ын гишүүн байхдаа энэ асуудлыг байнга ярьдаг байсан. Өнөөдөр армид хэрэгжиж, үр нөлөөгөө өгч байгаа олон хуулийг санаачилсан.
Монгол цэргийн баярын өдрөөс авхуулаад Төрийн албанд цэргийн алба хаасан хүнийг авах талаар хуулийг ч санаачилж байсан. Зарим орнуудад цэргийн насны эрчүүдийг жилд 45 хоног цэргийн хээрийн сургуулилалтад хамруулахад байг гэхэд ямар их эрх чөлөөтэй байснаа, гэр бүл хайртай хүмүүсийнхээ үнэ цэнийг мэдэрдэг гэх яриа ч бий.
- Та хэд хэдэн удаа хувь хүний эрх чөлөөгөө хасуулсан хүн. Эрх чөлөөний үнэ цэнийг эрх чөлөөгөө хасуулж байсан хүн түлхүү мэдэрдэг ойлгодог байх. Та эрх чөлөөг юу гэж тодорхойлох вэ?
- Та сайхан асуулт асуулаа. Эрх чөлөө өөрөө их тохуурхалтай эд л дээ. Хүнээр их тохуурхдаг. Тэр тохуурхлаас их болгоомжлох ёстой. Би 2000 оны үед сар орчим хоригдож байсан. Сая дөрвөн сар суулаа.
Шоронд сууж байгаа хүмүүст ямар хэрэг хийснээсээ, нийгмийн гарал үүсэл нь ямар байхаас, хэн байхаас үл хамааран тэдэнд ер бусын ганцхан үнэтэй зүйл байдаг нь эрх чөлөө. Тэнд байгаа хүмүүс өдөр бүр цаг минут тутам эрх чөлөөний талаар боддог. Заримдаа эрх чөлөөндөө бялуурчихсан хүмүүсийг хэсэг хугацаанд тэнд байж үзээсэй гэж бодогддог шүү.
Тэнд эд баялаг, эрх мэдэл, тэр ч бүү хэл эрүүл мэнд юу ч биш. Эрүүл мэнд нь доройтчихсон хоригдол хүртэл надад хэсэгхэн боловч эрх чөлөө эдлүүлээч. Эрх чөлөөг хэсэгхэн мэдэрчихэд үхье гэдэг. Эрх чөлөө тийм л чухал зүйл. Харин тэр дөрвөн хананаас, өргөст торны цаанаас гараад явахад эрх чөлөө ямар үнэ цэнтэйг ойлгодог.
- Хоригдож байсан хүнээс тэнд ямар байв гэж асуух нь зохимжгүй байх. Таныг 2000 оны үед хоригдож байхаас 22 жилийн дараах хорих байрны нөхцөл байдал хэр өөрчлөгдсөн эсэх талаар асуувал та эмзэглэх үү. Тухайлбал, хоол хүнс, эрүүл мэндийн үйлчилгээ гэх мэт?
- Энэ зэргийн асуултад эмзэглээд байдаг хүн би биш л дээ. Намайг 2000 оны үед Ганц худагт хорьж байхад зүгээр л нэг харанхуй нүхэнд аваачаад хорьчхож байсан. Тэр үеийн хорих байрны нөхцөл байдал үнэхээр хүнд байсан. Үгээр хэлэх юм биш. Жижигхэн нүхээр гэрэл орно. Нэг оронд багтах хэмжээгээрээ нааран дээр зулаад хэвтэнэ. Бүгдээрээ бөөс хуурсандаа баригдаад л суудаг байсан. Хоол ундны тухайд баас шээстэйгээ холилдсон дотор мах, шар будаатай л өгч байсан.
Эрүүл мэнд нь доройтчихсон хоригдол хүртэл надад хэсэгхэн боловч эрх чөлөө эдлүүлээч. Эрх чөлөөг хэсэгхэн мэдэрчихэд үхье гэдэг. Эрх чөлөө тийм л чухал зүйл
Одоо тэр үетэй харьцуулахад хорих байр олон улсын стандартад дөхөж очсон байна. Хоолны тухайд дотор мах өгч байгаа боловч амт чанар өөрчлөгдсөн байна. Эрүүл мэндийн шалтгаантай бол эмчилгээний хоол өгч байна. Нийгмийн ажилтан өглөө бүр бүх өрөөгөөр явж хоригдож байгаа иргэдээс санал гомдол асууж, үзлэг шалгалт хийж байна.
- Зарим иргэд улс төрд нөлөө бүхий эрх мэдэл, мөнгөтэй иргэдийн хорих байрны орчин нөхцөл өөр байдаг гэж боддог. Энэ үнэн үү?
- Тийм зүйл хаана ч байхгүй. Яг л бусадтай адилхан орчин нөхцөлд байна. Хүний эрхэнд байх үнэхээр хэцүү шүү дээ. Хотын даргын алба хашиж байсан би ч ялгаагүй харгалзагчийн командаар бос гэвэл босоод суу гэвэл суугаад, гүй гэвэл гүйхээс өөр аргагүй. Заримдаа би тэсэхгүй “Би ч бас 60 гарчихсан хүн шүү дээ” гэж хэлж үзнэ. Тэглээ гээд яах вэ дээ. Тэндхийн дэг журам нь тийм юм чинь. “Буруу хараад зогс гэхэд зогсохоос өөр аргагүй.
Хүний бүрэн эрхэд байнгын байна. Хүн өргөст торны цаана орсны дараа амьсгал авах бүртээ л эрх чөлөө гэж шивнэдэг. Тэнд байгаа дөрвөн хана хүртэл “Чи хэзээ эрх чөлөөтэй болох вэ. Эрх чөлөөтэй болохгүй юм уу” гэж даапаалж байгаа мэт санагдана. Чи өөрөө өөрийгөө мэдэх ямар ч боломжгүй.
- Хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө харин дөмөгхөн эдэлчихсэн үү?
- Ганц худагт хоригдож байхдаа ч хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө эдэлж байсан. Анхныхаа нийтлэлийг танай сонинд гаргасны дараа мөрдөн байцаагч шууд хориод зогсоочхож байсан. Гэтэл Олон улсын конвенцын дагуу хүнийг үзэл санааны хоригдол болгож болохгүй шүү дээ. Нөгөө талаар би хоригдол биш. Давж заалдах гээд байж байгаа хоригдогч. Шүүхээс миний гэм буруутайг эцэслэн тогтоогоогүй учраас иргэнийхээ хэвлэн нийтлэх эрх чөлөөг эдэлнэ.
Сая хэвлэн нийтлэх эрхээ овоо дориун эдэлж байтал прокурорыг шүүмжлээд орхитол хэвлэн нийтлэх эрхийг минь хаачихсан. Өлсгөлөн зарлах дээрээ тулаад эргүүлж авсан. Гэтэл их хачин, Путин Украин руу дайрах үеэр Путиний түрэмгийллийг шүүмжилсэн нийтлэл бичтэл дахиад хэвлэн нийтлэх эрхийг минь хаачихсан. Би Оросын ерөнхийлөгчийг шүүмжилсэн болохоос Монголын Ерөнхийлөгчийг муулаа юу. Би Монголын талаар бичээгүй шүү дээ. Би Оросын шоронд хоригдоогүй биз дээ. Дахин өлсгөлөн зарлах дээрээ тулж байж бичих эрхээ олж авсан. Ийм л юм болсон доо.
- Эр хүн туг ч барина, тугал ч хариулна гэдгийн бодит жишээ та болж байна. Улсын баатар, хотын дарга, УИХ-ын гишүүн гээд хэн хүний хүртдэггүй алдар нэрийг та хүртсэн. Эргээд худалч, хулгайч, луйварчин гэж “цоллуулж” байна. Хүний эрээнийг энэ хугацаанд хэр мэдэрсэн бэ?
- Намайг 2000 онд Ганц худагт хорьж байхад, сая дахин хоригдоход ч манай намын нөхөд эсэргүүцлээ илэрхийлж, сэтгэл зүрхээрээ нэг гэдгээ илэрхийлсээр ирсэн. Энэ хугацаанд намайг гэсэн хүмүүсийн сэтгэл нь хэзээ ч унтраагүй, надаас нүүр буруулаагүй. Эргэлтийн цагаар гэр бүл, найз нөхдөөс авхуулаад хагарсан бутарсан хамаг л хүн ирсэн. Манай намынхан их жудагтай хүмүүс байдаг юм ш дээ. Сонирхуулж хэлэхэд, 2000 оны үед намайг хоригдож байхад Х.Баттулга “Яах вэ ийх вэ хэмээн ард минь үлдсэн ар гэрийнхэнд минь хүртэл их л сэтгэл дэвсэж явсан юм шүү дээ.
Хүний сайн нь сайн. Муу нь муу. Уг нь хувь хүнийхээ хувьд их түшигтэй, уян, сэтгэл хөдлөл өндөртэй, тусч хүн юм байгаа ш дээ. Анзаараад байхад Баянхонгорынхон хүн сайтай, хүнд их түшигтэй мөртлөө хоорондоо муудалцах нь их сонин. Манай Х.Баттулгыг улс төр ингэж их өөрчилчихлөө. Путинд урваснаас хойш Х.Баттулга Путиний жудаггүй занг өөртөө халдаачихлаа. Үүнд маш их харамсдаг.
- Та Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай нүүр тулж уулзсан юм уу?
- Намаа нэгтгэхээр уриалж байхдаа уулзах санал тавьсан. Уулзахгүй л юм билээ. Одоо би Х.Баттулгатай намынхаа гишүүд, иргэдийнхээ өмнө халз мэтгэлцье гэж байгаа юм.
- Та бусдын хувьд хэн ч байж болох ч гэр бүлийнхээ хувьд хүний хань, үрийн аав, жирийн нэг өвөө л байх. Улстөрчийн гэр бүл байна гэдэг амаргүй. Одоо таныг энэ бүх шуугианаас холдоод амар жимэр амьдрах талаар санал хэлдэг үү?
- Өнгөрсөн 30 жилийн турш би сайн нэр дуулаагүй. Нэг хүнд битгий хэл нэг ад зэтгэрт ахдахаар гүтгэлэг, доромжлолыг амссан. Хэрийн хүн тэсэхээргүй л зүйл.Айл ухдаг хулгайч, анд нөхдөө алсан алуурчин, идсэн уусан гээд л ярих ч юм биш. Өнгөрсөн хугацаанд аав минь хүүгээ зүхүүлэхийг харж шаналсаар бурхны оронд одсон. Ээж минь, гэр бүлийнхэн минь энэ бүхнийг тэвчээд тэсээд л явж ирсэн.
Аз болоход би супер эхнэртэй. Миний эхнэр байгаагүй бол надаас ийм эр зориг, сэтгэлийн хат гарахааргүй байсан. Би аль хэдийнээ шантарчихсан байх байсан. Миний эхнэр намайг хайраар тэтгэж, нөхрийнхөө үйл хэргээр бахархдаг учраас хоригдож байх хугацаандаа бодож суухад эхнэрийнхээ баатар байж, түүндээ тоогдохын төлөө тэмцсэн мэт санагдаж байсан шүү. (Инээв) Манай гэр бүл хайраар бялхсан гэр бүл учраас энэ бидний хүч юм байна. Ямар ч хүнд үед хайр хүнийг хүчтэй болгодог юм билээ.
Аз болоход би супер эхнэртэй. Миний эхнэр байгаагүй бол надаас ийм эр зориг, сэтгэлийн хат гарахааргүй байсан
Хань ижил, үр хүүхэд, ач, зээ минь надаар бахархаж байхад би юунаас ч айдаггүй, бүхнийг даван туулах эрч хүчтэй болдог. Хоригдож байхад ач зээ нар минь эргэлтээр ирэхэд миний амьдрал гэрэл гэгээгээр дүүрэн болж байсан даа. Би улстөрчийн амьдралыг анхнаасаа сонгохдоо цовдлуулна гэдгээ ойлгож байсан. Тэгээд ч шоронд ороогүй хувьсгалч гэж хаана байдаг юм. Өөрийгөө их үйл хэрэгт уясан хүн ад үзэгдэх зоригтой болдог. Зөвхөн амиа бодсон, албан тушаалын төлөө цүнх барьсан амьдрал уйтгартай шүү дээ.
- Ярилцлагынхаа төгсгөлд ганцхан зүйл асууя. Та хүүгийнхээ компанид өөрийн эрх мэдлээ ашиглаж ямар нэгэн нөлөө үзүүлээгүй гэдгээ нүүр бардам хэлэх үү?
- Хаана ч нүүр бардам хэлнэ.
Хуа Фин · 2022/05/13
Засгийн эрх барьж байхдаа коммунистуудыг баривчлаад коммунизмыг хуулиар хориод устгаад хаячихгүй юугаа хийж байсан нахиу хамарлаж хавтгай нүүрэлсэн ста вэ? Ууж идээд завгүй байсан уу..Одоо чиний хохь чинээ..
Зочин · 2022/05/12
UHSEN BAASNII BAATAR. ZORIGIIG ALSANII SHAGNAL
Зочин · 2022/05/12
Зочин · 2022/05/12
баттулга та 2 хэрэггүйээ зайлаа
Amar · 2022/05/12
Энэ ад зэтгэрийг шоронд нь хийгээчээ
oogii · 2022/05/12
БАТТУЛГА БОЛ ОЙРЫН ИРЭЭДҮЙД МОНГОЛД ИРЭХ АСАР ТОМ АЮУЛ ГЭДЭГТЭЙ БИ САНАЛ НЭГДДЭГ. ТЭР БОЛ АСАР МУУ ХОРОН САНААТАЙ, ХОНЗОГНОГЧ, МОНГОЛЫГ ХӨМӨРЧ ХАЯХ ГАНЦХАН ЗОРИЛГО АГУУЛЖ ЯВАА ХҮН