Үндэсний их баяр наадмыг улс даяар нэг өдөр зохион байгуулж магадгүй
2022/05/23
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв.
Уг хуулийн төслийг Засгийн газраас тавдугаар сарын 4-ний өдөр өргөн мэдүүлжээ. Үндэсний их баяр наадмын тухай хууль нь 2003 оны зургадугаар сарын 19-ний өдөр батлагдсанаас хойш нийт зургаан удаа нэмэлт, өөрчлөлт оруулж, бөх, уяач, сур харваачид олгох цол, чимэг, тэднээс допингийн шинжилгээ авах, хариуцлага тооцох зохицуулалтыг тусгажээ.
Сүүлийн жилүүдэд улсын баяр наадамд түрүүлсэн, амжилттай сайн барилдаж цол, чимэг авсан бөх хориотой бодис хэрэглэсэн нь шинжилгээгээр тогтоогдож, цол, чимгээ хураалгах, хэрэглэсэн, хэрэглээгүй дээр маргалдах, шүүхээр шийдвэрлүүлэх тохиолдол их гарсаар байгаа юм.
Үндэсний их баяр наадмын тухай хуульд допинг хэрэглэхийг хориглох, хэрэглэсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын механизмыг суулгаж өгсөн боловч энэ нь олон улсын допингийн стандарттай нэг талаар нийцэхгүй, мөрдөж байгаа дүрэм, журмыг батлах субъектийг хуульд тодорхой зааж өгөөгүйгээс Захиргааны ерөнхий хуульд заасан эрх зүйн хэм хэмжээний актын шаардлагыг хангаж чадахгүйд хүрч, Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороо, салбар хорооны шийдвэр нь шүүх дээр хүчингүй болох тохиолдол гарчээ.
Нөгөө талаас допинг хэрэглэхийг хориглох, хэрэглэсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх зохицуулалт нь төдийлөн үр дүнтэй бус зөвхөн хэрэглэсэн бөх, харваачид хариуцлага тооцох, тодорхой хугацаанд баяр наадамд оролцох эрхийг хасах байдлаар явж ирсэн нь хориотой бодис хэрэглэхийг зөвлөж, хэрэглүүлж байгаа дасгалжуулагч, эмч, бөхийн дэвжээ зэрэг нь ямар нэг хариуцлага хүлээхгүй, энэ хөшүүрэг үр дүнтэй байж чадахгүй байна гэж хууль санаачлагчид үзжээ.
Үндэсний их баяр наадмын тухай хуульд үндэсний шагайн харвааг зохион байгуулах талаар зохицуулалт байхгүй боловч 1998 оноос эхлэн улс, аймаг, нийслэл, сумын баяр наадамд дөрөв дэх төрөл болон зохион байгуулагдаж, өөрийн дүрмээр зохицуулагдаж ирсэн. Дээрх хууль зүйн болон практик үндэслэл, шаардлагад үндэслэн Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.
Үндэсний баяр наадмыг нэгэн өдөр хийнэ хэмээн төсөлд тусгасан ч онцгой байдал зарлаж, цар тахал дэгдсэн үед Засгийн газар, Засаг даргын шийдвэрээр өөр өдөр хийхээр томьёолсон аж. Ингэснээр наадам хэсэж, найраа хийдэг асуудлыг зохицуулна хэмээн үзэж буй гэнэ.
“Их хурд” уралдаан Хэнтий аймагт болно
Өнөө жил Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг хамтатган тэмдэглэнэ. Үүний зэрэгцээ монгол түмний шимтэн үзэж, наадах дуртай, “Морины олимп” гэгддэг “Их хурд” уралдаан болно. Ес дэх удаагийн уралдааныг Хэнтий аймагт долдугаар сарын 21-22-нд зохион байгуулахаар тогтжээ.