Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь иргэд, жолооч нарын нөхцөл байдал, ачаа тээврийн асуудал ямар байгаа талаар "Манлай тээвэр буянт зам" төрийн бус байгууллагын тэргүүн Ч.Жүгдэрнамжилтай ярилцлаа.


-Яг өнөөдрийн байдлаар Замын-Үүд сумын нөхцөл байдал ямар байна вэ?

-Өнөөдөр Замын-Үүд сумын иргэд тэр чигээрээ хүнд байдалд байна. Замын-Үүд сумын иргэд өөрсдөө тээвэрлэлт хийж чадахгүйд хүрсэн. Энд тэндээс ирээд тээвэрлэлт хийж байгаа хүмүүс нь ихэвчлэн Улаанбаатараас ирдэг. Зарим нэг нь тээвэрлэлт хийгээд, ачаа бараагаа зөөгөөд л байх юм.

-Замын-Үүд сумын иргэд яагаад тээвэрлэлт хийж чадахгүй байгаа вэ?

-Улаанбаатар руу тээвэрлэж байгаа ачаа нь өөрөө хоёр сая хүрэхтэй үгүйтэй ханштай болсон. Энэ мөнгө нь түлшнийхээ мөнгийг дааж чадахгүй. Тиймээс тээвэрлэлт хийж чадахгүй сууж байна. Хил хааснаас хойш тээвэрчдийн өр нэмэгдэж, хүү нь бодогдсоор байгаад эхнээсээ шүүхэд дуудагдаад орон байраа алдах дээрээ тулсан. Өдөр бүр шүүхийн гадаа дуудагдаад зогсож байна. Машинаа барьцаалах гэхээр зээлийн үнэлгээнд хүрэхгүй гээд орон байрыг нь цуг барьцаалдаг. Тийм учраас амьдарч байсан орон байраа алдахад хүрчихсэн. Замын-Үүд сумын дэлгүүр хоршоо, бензин клонк, цайны газрууд гээд бүх юм нь тээвэрчдээсээ хамааралтай байдаг болохоор дэлгүүр хоршоо нь хүртэл ямар ч орлогогүй болсон. Жижиглэнгээр наймаа эрхэлдэг хүмүүс нь наймаагаа хийж чадахаа байсан. Ийм л байдалтай байна.

-Замын-Үүд сумын тээвэрчдийн зөвлөл нэгдэж, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар АТГ-т хандсан гэсэн. Энэ талаараа дэлгэрэнгүй тайлбарлаж өгч болох уу?

-Төрөөс дундын бүст 50 машин оруулсан асуудлаар АТГ-т Борхойн тал авто тээвэрчдийн холбооноос хүсэлт өгсөн. Гэтэл үүн дээр шийдэх боломжгүй гэсэн хариуг өгсөн байна лээ. Ковидын тухай хууль болон бусад хуулийг бичээд шалгах үндэслэлгүй гэж аргацаагаад шалгасангүй. Засаг захиргаандаа бол бид байнга орж шаардлага тавьж байгаа. Тээвэрчид ажилгүй болж байгаа хэд хэдэн шалтгааныг нэрлэж болно. Гааль дээр гаалийн бүрдүүлэлт хийдэг хэсэг бүлэг зууч нөхдүүд байдаг. Энэ хүмүүс нь давуу байдал өөрсдөдөө үүсгээд орон нутгийн тээвэрчдийг шахан гаргаж байна. Урьд нь орон нутгийн тээвэрчид хятадуутай яриад, ачаагаа аваад зөөгөөд болдог байсан юм. зууч гэдэг хүмүүсийн гараар ороод тээвэрлэлт орон нутгийнханд олдохоо байсан. Саяхан Засгийн газраас шийдвэр гаргаад дундын бүст иргэдийн тээврийг орууллаа гэж зарласан. Өдөрт 40 тээврийн хэрэгсэл орох нь орж байна. Хилийн цэргийнхний 30 машин өдөр болгон явдаг. Иргэдийн машин сард нэг явдаг. Түүнийх нь хөлс нь 750000 төгрөг. Түүнээсээ татварын 20 мянга, хашааны 6000, дундын бүст ажиллаж байгаа жолооч нараас бас 50 мянган төгрөг татаад байгаа. Бүх татаасаа нийлүүлээд хасуулахаар гар дээр 500 мянга гаруй цаас ирж байгаа юм. Энэ мөнгө нь нэг ширхэг дугуйны үнэд ч хүрэхгүй. Ийм мөнгөөр л Замын-Үүдийн тээвэрчид гол зогоож байна.

Тэгэхэд Засгийн газраас гаргасан 30 машин өдөр бүр явдаг. Бүр давуу эрхтэйгээр. Гэтэл Замын-Үүдийн тээвэрчдийн 5000 гаруй машинаас дараалалд бичигдсэн 40 машин сар гаруй оочерлож байж нэг гардаг. Улаанбаатараас 500 мянган төгрөгний төлөө хоёр сая төгрөгийн түлш хийгээд оочерлоод орох машин гэж бараг байхгүй. Замын-Үүд сумын иргэд нь оочерлоод орохоор өчигдрийн (уржигдар) байдлаар 400 гаруй машин гарсан байна лээ. Үүний араас дахиад 500 гаруй машин оочерлож байх шиг байна. Ингээд 1000 гаруй машинаас өдөрт 40 гарч байгаа гэж бодохоор нэг сар гаруй болж байгаад нэг гарахаар байгаа биз. Тэгээд арай гэж авсан 500 мянган төгрөг нь магадгүй машинд нь эвдрэл гэмтэл гарвал түүнийгээ засаж ч хүрэхгүй. Замын-Үүд сумын дундуур яваад үзэх юм бол хүмүүс машинаа хашаандаа парклаад тавьчихсан. Огт хөдөлгөөн байхгүй ажил төрөл хийгээгүй бодит байдал ийм л байна. Урдаас чингэлэг орж ирээд Замын-Үүд суманд хураагдаж байгаа шүү дээ. Эргээд айлын хашаагаар дүүрэн чингэлэг бас өрөөтэй. Энд тэндгүй хөдөлгөөнгүй машин, чингэлэг л дүүрэн байна.

-Тээвэрчдийн зөвлөлөөс ярихдаа 2021 онд зэрэг шахуу байгуулагдсан чингэлэг тээврийн хятад эзэнтэй гурван компани үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Хуучин АТҮТ-ийн дарга байсан н.Пунцаг гэгч өөрөө нэг сайтад ярилцлага өгсөн байна лээ. Тэр яриандаа өөрөө хэлсэн. Манай компаниас 60-аад машин, “Говийн хан транс” компани бас машин оруулсан. Тухайн компаниудын 30 машин дундын бүст явж байсан. Урд дахиад тусдаа машинаа гаргачихсан байгаа. Хилийн цэргийн 30 машинаас өмнө энэ гурван компанийн 30 машин явж байгаад татаж авснаа урагш нь гаргасан. Тэр урд Эрээний хилээс гаалийн хашаанд хүрэх хоёр улсын 0 цэг хүртэл 21 машин явж байснаас гурав нь эвдрээд одоо 18 машин ажил үүрэг гүйцэтгээд явж байна гэж байгаа. Үүнийг бид нягталж асууж, судалж үзсэн. Энэ бол “Говийн хан транс” гэж компанийн 13, “Их говь ложистик транс” компанийн хоёр машин мөн хувь хүний нэртэй дөрвөн машин байна гэсэн. Одоо яг үйлчилгээ явуулж байгаа. Эд нар нь бол бүр хилийн цаана үлдчихсэн. Хил хаахаас долоо хоногийн өмнө улсын хилээр гараад явчихсан машинууд байдаг юм билээ. 2021 оны аравдугаар сарын 9-12-ны өдрийг хүртэл улсын хилээр гарчихсан. Яг тэр үед урд ачаа барааны бөөгнөрөл маш их байсан. Орсон машинууд шууд ачаагаа ачаад л буцаж байсан шүү дээ. Гэтэл энэхүү арав гаруй машинууд тэндээ гарч ирэхгүйгээр үлдчихсэн. Энэ юуг хэлж байна гэхээр мэдээлэлд ойрхон байдаг ЗТХЯ-тай ойрхон хүмүүсээс мэдээлэл авдаг компаниудын машин тэнд үлдэж байна гэсэн хардалтыг төрүүлж байгаа. Хувь хүний машин ч үлдсэн. Мэдээлэлд ойрхон байсан учраас машинаа оруулж ирээгүй. Тухайн үед тэр их ачааны бөөгнөрөл байхад мөнгөө бодоод шууд ачаад ороод ирэх боломж байхад үлдэж байна гэдэг нь хуйвалдаан орсон л гэсэн үг. Анхнаасаа чингэлэг тээврийн бодлогыг хэрэгжүүлэхээр зүтгэж байсан хүмүүс мэдчихээд тэнд үлдсэн гэж энгийн жолооч бид хардаж байна.

-Хятадын тал хил гаальтай холбоотой ажилчдаа эхнээс нь барьж хорьж байна гэсэн мэдээлэл яваад байгаа. Та бүхэнд энэ талын ямар нэгэн мэдээлэл байна уу?

-Энэ асуудалд улс төрийнхний оролцоо ихээхэн байгаа. Эхнийх нь Ж.Пунцаг гэж хүн өөрөө АТҮТ-ийн даргын албыг хашч байсан. 2019 онд өөрийнхөө компанийг байгуулсан юм билээ. Үүнийг яагаад бид хардаад байгаа гэхээр “Монголын тээвэр зуучдын нэгдсэн холбоо” гэж Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулдаг байгууллага бий. Түүний дэд тэргүүн Г.Оргил гэж залуу өөрөө телевизээр ярьсан байдаг. Бид Монголын авто тээврийг тийм болго, ингэж шинэчлэнэ гээд нэлээд бодлогын чанартай өөрсдөө бодож боловсруулсан зүйлээ ярьсан байдаг. Түүний дараа арваннэгдүгээр сарын 25-нд энэхүү компаниуд нь ЗТХЯ-д санал оруулсан байдаг юм. Тэрхүү саналууд нь чингэлэг тээврийг дэмжсэн, дундын бүсээс 0 цэг хүртэл 500 мянга, Замын-Үүдээс Улаанбаатар хүртэл 4.490.000 гэсэн үнийн санал тавьсныг ЗТХЯ дэмжсэн. Тэгэхээр үүнийг бид шууд хардах үндэслэлтэй байгаа биз дээ. Өөрсдөө бүр бичиг цаасаар гаргаж өгсөн. Өчигдөр, уржигдархан тэр н.Пунцаг гэж хүн дахиад ярилцлага өгсөн байна лээ. Түүн дээрээ ямар ч ойлгомжгүй бөөрөнхийлсөн юм ярина лээ.

Одоо 80 сая төгрөгийг тээврийн зардалд өгөхөд бидэнд хамаагүй. Түүнээс өмнө тээвэрчид үнэ өсгөчихсөн байсан гэж хэлжээ. Биднийг тээвэрлэлт хийж байхад үнэ хамгийн дээд талдаа 80 мянган юань хүрч байсан. Хамгийн дээд тал нь шүү. Урагшаа орсон машинууд задгай тээврээр хятадаас орж ирэхэд 80 мянган юань төлөхөд шунахай луйварчид юмны үнэ өсгөлөө тээврийн үнэ ханш өсгөлөө гээд бөөн хэл ам гарсан. 80 мянган юань буюу төгрөгөөр 20 сая. Түүн дээр нь Засгийн газар өөрсдөө орж ирээд 10 саяын гэрээ хийгээд үнийг бариад авсан юм. Гэтэл өчигдөрхөн н.Пунцаг гэж хүн ярихдаа ачаа тээврийн үнэ 80 сая хүрэх бидэнд хамаагүй ээ жолооч нарт хамаатай гэсэн байна лээ.

Нэгдүгээр сараас эхлээд эдгээр гурван компани тавдугаар сарын 15-ны өдрийг хүртэл тээврийн үйлчилгээ хийсэн шүү дээ. Энэ хүн өөрөө хамаагүй байх ямар ч үндэслэлгүй байгаа биз. Төрөөс шийдвэр гаргаад төрийн нэрээр халхавч хийгээд иргэдийн ажлыг булаасан гурван компани байхгүй юу. Энэ асуудлыг бидэнтэй ярилцаж болно. Замын-Үүд суманд хүний нөөц, машин техник бүх зүйл нь бэлэн байж байхад нэг ч жолооч, нэг ч тээврийн хэрэгсэл оруулалгүйгээр энэ хүмүүс өөрсдийнхөө шахааг үгсэн хуйвалдах замаар оруулсан. Үүнийг нь бичээд АТГ-т өгөхөөр Ковидын тухай хууль гэдэг зүйлээр халхавчлаад шийдэж өгөхгүй байна. Ерөнхий сайдад бид хоёр ч удаа албан шаардлага хүргүүлсэн. Таван зүйл заалттай албан шаардлага өгөхөд нэг ч хариу ирээгүй. Ерөнхийлөгчид бид өргөх бичиг барьлаа хариу ирсэнгүй. Салбарын сайддаа өчнөөн удаа энэ асуудлыг тавиад нэг ч хариу өгсөнгүй. 2021 онд хил хаагдсанаас хойш Замын-Үүд суманд дөрвөн удаа ажлын хэсэг ирсэн. Дөрвөн удаа ажлын хэсэг ирэхдээ дарга нарыг нь солиод ирдэг болохоос ажил нь өөрчлөгдөж, шийдэгдсэн зүйл нэг ч байхгүй. Хамгийн сүүлчийн ажлын хэсэг нь Шадар сайд С.Амарсайханаар удирдуулж ирсэн. Бидний харилцдаг Өмнөдмонгол болон Хятадын түншлэгч нарын яриагаар Эрээний хил гаалийн дарга нараа авлигын асуудлаар барьж хорьж байгаа. Тэдний нэрс дотор Монголын хоёр сайдын нэр цохогдсон. Түүнийг нь Монголын талд шийдвэрлэ гэж бичиг явуулсан гэх яриа байгаа. Энэ гурван компани биднийг ачаа тээвэрт оруулахгүйгээр дундын бүст явж байгаад, хил хаагдахад хилийн цаана гарч одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаа. Бүхэл бүтэн сумаараа ажил орлогогүй болоод байхад шийдвэртэй арга хэмжээ авах байсныг ч бас үгүйсгэхгүй. Яагаад одоог хүртэл шийдвэртэй арга хэмжээ авахгүй байгаа юм бэ. Яагаад бид үндэслэл нотолгоогоо бариад очихоор Ковидын тухай хууль гэж хаацайлаад шалгахгүй байгаа юм бэ. Үүнийг хардах үндэслэл яалт ч үгүй байгаа биз.

-Та бүхэн сум орон нутаг, улс төрийн түвшинд хэлэлцэж ярилцаад энэ асуудлыг шийдвэрлэе гэдэг хүсэлт гаргахаар хариу юу гэж байх юм?

-Тээвэрчдийн зөвлөлөөс сум орон нутгаасаа эхлээд аймгийн засаг захиргаа бүхий л түвшний байгууллагуудад бичиг хүсэлтээ өгсөн. Дандаа бидний хэмжээнд шийдэх асуудал биш гэсэн хариуг өгдөг. Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд С.Амарсайхан өөрөө Засгийн газраас тогтоол гаргуулж орж ирээд Замын-Үүдэд онц дэглэм тогтоож байгаад энэ ажлыг хийсэн учраас сумын Засаг дарга, аймгийн Засаг даргын эрх мэдлээс халиад гарчихсан асуудал байдаг юм байна. Онц дэглэм тогтооно гэдэг нь иргэд орлого олох ямар ч боломжгүй. Урдаас орж ирж байгаа чингэлэгийн дугаар, хүлээн авагчийн дугаар нь бидний гар дээр ил тод юм юу ч байхгүй. Зөвхөн зуучуудын хооронд энэ мэдээлэл нь явагдаж байгаа учраас энд дахиад нэг жижигхэн бүлэг үүсчихээд байгаа. Замын-Үүд суман дээр. Эд нар тэгэж чадаж байна. Бүлэг үүсгэсэн эдгээр хүмүүс нь Замын-Үүд суманд амьдарч байгаа иргэдийн ажлын байрыг булаагаад авчихсан. Хамгийн үлдэгдэл доод хэсгийг нь эдгээр хүмүүс булаачихлаа. Дээд хэсгийг нь ЗТХЯ-ны удирдлагуудтай яриад л чингэлэг тээврийн бодлогыг томоор нь хэрэгжүүлж орж ирээд үнийг хөөрөгдсөн. Үнэндээ бол чингэлэг тээвэр явж эхлээд л үнэ огцом өссөн шүү дээ. Задгай тээвэрлэлтээр явж байхад 80 мянган юань буюу 20 сая төгрөг хүрсэн. Тэр бол үнэн. Яагаад ямар шалтгаанаар өссөнийг хүмүүс ерөөсөө ойлгодоггүй юм байна лээ. Тээвэрчид өсгөсөн гэж яриад байдаг. Үүнийг тээвэрчид өсгөөд байгаа юм биш. Тээвэрчид өөрсдөө урагшаа орж чадахгүй машинаа урагш нь өгөөд оруулангуут урд карго ачиж байгаа хятадууд орсон машиныг уралдаж үнэ өсгөж авдаг байхгүй юу. Тэгэж л үнэ өссөн юм. Засгийн газраас 10 саяын гэрээ хийгээд үнийг нэг хэсэг барьсан. Тэр үед жолооч нар үнийг өсгөж ачаагүй. Тэгэж ачих ч эрх мэдэл бидэнд байхгүй.

-Тээвэрчдийн зөвлөл нэгдээд улс төрийн шатанд хэд хэдэн удаа хандахад арга хэмжээ авсангүй гэлээ. Тэгэхээр цаашид та бүхэн энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд ямар арга хэмжээ авах вэ?

-Бид тавдугаар сарын 18-нд машинтай жагсаалыг Замын-Үүд суманд зохион байгуулсан. Төрд хүртэл нь дахиад шаардана. Энэ чиглэлээр арга хэмжээ авахгүй, ажлын байрыг нь буцааж өгөхгүй бол дахин дахин суулт арга хэмжээг зохион байгуулсаар байх болно. Энэ бол улс орны эдийн засгийг нураасан шийдвэр шүү дээ. Өргөн хэрэглээний барааны үнэд савлагаа орж байна. Инфляцийг өсгөдөг зүйл чинь урдаас орж ирж байгаа бараа байхгүй юу. Ямар ч байсан бид хуулийн дагуу жагсаж үзлээ, бичиг хүсэлтээ өргөн барилаа. Авах ёстой арга хэмжээгээ бүгдийг авлаа. Бид Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газарт бичиг өгсөн. Энэ бичгийнхээ хариуг хүлээж байна. Монголд энэ асуудлыг шийдээд өгөх сэтгэлтэй дарга алга. Хуйвалдаад байгаа хүмүүсийг нь монголчууд чадахгүй юм бол Хятадын талд арга хэмжээ аваад зогсоох байх. Манай монголчууд өөрсдөө хятад хүн оролцуулахгүйгээр шийдэж чадахгүй гэдгийг харлаа. Ерөөсөө хил дамнасан хуйвалдаан яваад байна. Жагсаад ч нэмэргүй, биднийг үл тоож байна шүү дээ. Би тээвэрчдийнхээ байгуулсан нэг холбоог тэргүүлж байгаа хүний хувьд Элчин сайдтай уулзмаар байна. Засгийн газрын тэргүүнтэй ч уулзмаар байна. Бид өөрсдийн зовлонгоо өөрсдийн амаараа хэлж, тайлбарлаж өгөхгүй бол ЗТХЯ, АТҮТ-ийн эрх бүхий албан тушаалтнууд өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалаад дээш нь засаг төрдөө буруу мэдээлэл өгч байна гэж үзээд байгаа. Маш их мэдээллийн зөрүүтэй байгаа учраас Засгийн газраас шууд шийдвэр гаргаж чадахгүй байгаа байх. Миний зүгээс ийм л хүсэлтэй байна. Хэвлэл мэдээлийнхэн та бүхэн маань энэ тал дээр тусалж дэмжээд, Ерөнхий сайд, Элчин сайдтай уулзах гүүр болоод өгөх боломж байдаг бол тусалж, дэмжиж өгөөч гэж хүсч байна.