СХД дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн удирдлагуудыг бүрэлдэхүүнээр нь солино
2022/06/08
Эмээлт дэх мах боловсруулах үйлдвэрүүдийн асуудалтай холбоотойгоор тодорхой албан тушаалтнуудад хариуцлага тооцохоор болсон тухай Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр мэдээлэв.
Тэрбээр "Үүрэг хариуцлагаа биелүүлээгүй, хяналт шалгалтаа хийгээгүйтэй холбоотойгоор Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн удирдлагуудыг бүрэн бүрэлдэхүүнээр нь сольж, Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар(НМХГ), Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар(МХЕГ)-ын хариуцлагатай зарим албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, сэлгэх, хариуцлага тооцох, цаашилбал хуулийн байгууллагад шилжүүлэх ажлууд хийгдэнэ" гэв.
Мөн МХЕГ-ын дарга Б.Баасандорж "Махны үйлдвэрүүдтэй холбоотой асуудлаар манай дотоод хяналт шалгалт хийсэн. Ингэхэд тухайн объект дээр хяналт шалгалт хийсэн нэр бүхий гурван байцаагчийг хяналт шалгалтын дүнгээрээ хариуцлага алдсан, ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй гэж үзсэн. Иймд төрийн албаны болон Ашиг сонирхлын тухай хуулийн дагуу арга хэмжээ авна. Гурван байцаагчийг ажлаас нь хална, ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй гэж үзсэн тул хуулийн байгууллагад шилжүүлнэ. Мөн Шадар сайдын хэлсэнчлэн НМХГ, МХЕГ-ын холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцно" гэв.
Түүнчлэн Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам болон Стандартчлал Хэмжил Зүйн Газрын зарим албан тушаалтанд хариуцлага тооцох юм байна.