ЗГ: Баяр наадмыг долоодугаар сарын 10, 11-нд орон даяар зохион байгуулна
2022/06/08
Баяр наадам зохион байгуулах хорооны дарга Шадар сайд С.Амарсайхан баяр наадмын талаар мэдээлэл хийлээ.
Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан "Улсын их баяр наадмыг долдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд орон даяар нэгдсэн байдлаар зохион байгуулна. Өөрөөр хэлбэл бүх аймаг долдугаар сарын 11, 12, 13-нд баяр наадмаа тэмдэглэнэ.
Тэгш ой нь тохиож буй Өвөрхангай, Баянхонгор, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь гэсэн таван аймаг долдугаар сарын 29, 30, 31-ний өдрүүдэд бүсийн хурдан морины уралдаан зохион байгуулах шийдвэр гарлаа. Ингэхдээ бүсийн уралдаанаа нэгтгэх нь нэгтгэж, тусдаа хийж ч болно. Тэгш ойгоо тэмдэглэх аймгууд долдугаар сарын 22-24, 30-ны хооронд аймаг орон нутагтаа ойгоо тэмдэглэх Засгийн газрын тогтоол гарч байгаа.
Удахгүй улсын их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хуваариуд гарсныг Соёлын яамнаас иргэдэд танилцуулна.
Цар тахлын улмаас бид хоёр жил наадмаа тэмдэглэж чадсангүй.
Энэ жил Тулгар төр байгуулагдсаны түүхт 2,230, 2,231 жилийн, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816 жилийн , Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111 жилийн, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой гээд давхацсан ойнуудыг долдугаар сардаа тэмдэглэнэ.
Наймдугаар сард нүүдэлчний соёл ахуйг таниулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлууд гээд бүтэн наадмын хөтөлбөрийн дагуу ажлууд зохион байгуулагдана.
Иргэд сүүлийн хоёр жил алжаал тайлж чадаагүй, стресс ихтэй, КОВИД-ын хөл хорионд их байсан, аялж зугаалж чадаагүй. Тиймээс дэлгэр сайхан зуны улиралдаа улсынхаа баяр наадмыг нийслэлдээ тэмдэглэчхээд хөдөө орон нутагт агаар салхинд гарч, эрүүл орчинд эрсдэлгүй баяр наадмаа тэмдэглэх бэлтгэлээ хийж сайхан наадах боломж бүрдэнэ гэж ойлгож буй.
Энэ жилийн баяр наадмаар "Улаанбаатарын үдэш" арга хэмжээ Хүй долоо худагт, Төрийн ёслол хүндэтгэлийн концерт Төв талбайд, наадмын нээлт, хаалтын үйл ажиллагаа Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Наадмын хаалтыг ёслол төгөлдөр хийнэ. Морь, сур, бөх бэлтгэлдээ орсон.
Наадмын төсөвт 2.3 тэрбум төгрөг тавигдсан. Бүх гудамж талбайд үйлчилгээ явуулж, иргэддээ ая тухтай баярлуулна.
Наадмын тасалбарыг цахим хэлбэрээр худалдах ажил Цахим хөгжлийн яаманд яригдаж байгаа" хэмээн ярилаа.
Засгийн газрын ээлжит хуралдаанаар махтай холбоотой асуудлыг цаашид хэрхэн зохион байгуулах талаар гарсан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.
Тэрбээр "Тавдугаар сарын 31-нд байгуулагдсан ажлын хэсэг газар дээр нь явж шалгах үзэх ААН-үүдийн удирдлагуудтай уулзалдах, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн санал сонсох, иргэдийн дунд үүсээд буй санаа зовоосон асуудлын талаар судлах, цаашид цогцоор энэ асуудлыг шийдэх асуудлыг нягталж, Засгийн газрын хуралдаанд танилцуулж, гарсан шийдвэрийг танилцуулъя.
Цаашид мал төхөөрөхөөс эхлээд хэрэглэгчийн гарт хүрэх процессыг ил тод, нээлттэйгээр эрүүл ахуйн шаардлага хангасан үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан байх зохицуулалтад богино хугацаанд оруулах шаардлагатай гэж үзсэн.
- Дулааны аргаар мах боловсруулах, үйлдвэрлэх, экспортлох зориулалтын үйл ажиллагаа явуулж байгаа 31 ААН-ийн 16-гйнх нь үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг цуцалж цааш нь хяналт шалгалтын үйл ажиллагааг үргэлжлүүлнэ.
- Дулааны аргаар мах боловсруулах, үйлдвэрлэх, экспортлох үйл ажиллагааг 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл зогсоож байна.
- Цаашид малыг төхөөрөхөөс эхлээд мах махан бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн гар дээр хүргэх бүх үйл ажиллагааг стандартын шинэчилсэн зохицуулалтаар мөрдүүлэх ажлыг шуурхай эхэлнэ. Энэ нь монгол Улсын нутаг дэвсгэрт худалдаалагдаж буй бүх махыг үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан байдалд шилжүүлнэ. Хүнсний хууль тогтоомжид өөрчлөлт оруулж стандартыг хуульчлах ажил хийгдэнэ.
- Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа дулааны аргаар мах боловсруулах үйлдвэрүүдийг цаашид үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх замаар нэгдсэн зохион байгуулалттай үйлдвэрлэлийн паркийн зохион байгуулалтад оруулж, хяналт шалгалт хангасан ажлыг зохион байгуулна. Уг ажлыг НЗДТГ, Нийслэлийн Засаг дарга, ХХААХҮЯ хамтарч хэрэгжүүлэх үүрэг өгөгдсөн.
ВИДЕО: