Монголд өнөөдөр томоохон үндэсний үйлдвэрлэгч 10 хуруунд багтам цөөн. Архины үйлдвэр, ганц хоёр сүү, сүүн бүтээгдэхүүн, цемент, тоосго, хивс, мах, махан бүтээгдэхүүн, гурилын үйлдвэр бий.

Хэтэрхий цөөхөн тэдний үүрэх ачаа хэтэрхий хүнд. Татварын дарамт, хяналт шалгалтын дарамт, ханшны зөрүү, мэргэжлийн хяналтын дарамт, бичиг цаасны ажил дарамт дуусахгүй. Тэр дундаа хүнсний асуудал үнэхээр хүндрэлтэй боллоо.

 

Монголчууд бид идэж байгаа хүнсний бүтээгдэхүүнийхээ бараг 90 хувийг гаднаас импортлож байна. Ингэснээр бид жижиг дунд үйлдвэрүүдийнхээ амийг тасдаж залгиж байгаа хэрэг. 

 

Жижиг дунд үйлдвэрээс томроод, хөгжөөд, өргөжөөд гарах боломж ч алга. Сүлжээ дэлгүүр нэрээр сүржин хаяг, өнгө зүс алагласан гадаад  бүтээгдэхүүн импортлогчид цаг, минут тутамд дарамталсаар байгаад жижиг, дунд үйлдвэрийн “өсөлт”-ийг зогсоочихжээ. Гадаадыг шүтэх гажиг бодлогын уршгаар Монгол хүн Монголдоо баялаг бүтээх боломжийг булшилсаар. Тиймээс одооноос үндэсний үйлдвэрлэгчдийг, бизнес хийх гэж хичээж байгаа хүмүүсийг гишгэлж байгаа төрийнхний болон импортлогчдын хоолойг “боомилох” цаг болсон биш үү!!! 

 

Хэрэв бид Хятадаас хуурай сүү аваад, мах махан бүтээгдэхүүнээ тэднээр боловсруулуулаад байвал бие даасан хараат улс байх хэрэг байна уу. 

 

Манай төрийн томчууд өнгөн дээрээ ард иргэддээ хандаж үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг уриалаад л байдаг. Харин хачир дээрээ импортлогч эзэнтэй сүлжээ дэлгүүрүүд үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг лангууныхаа хойморт залах бодлого л төрийнхний хэрэгжүүлж буй бодит байдал. Үндэсний үйлдвэрлэгчдээ боомилж импортлогчдоо дэмжсэн бодлоготой, үйлдвэрлэгч биш хэрэглэгч улс байх бодлого ил далдуур ийнхүү Монгол үндэстнээ мөхөөх вий дээ.

 

Үндэсний гэх хэдхэн үйлдвэрүүд эцсийн хөлсөө шавхаж, үүд хаалгаа хаахад бэлэн байна. Үндэсний үйлдвэрээ хууль хяналтынхан нь цавчиж, цаазын тавцанд гаргахаа зарлаж болох уу?

 

Дэлхийн хөгжингүй улс орнуудын хөгжлийн жишээ зурагны эсрэг яваад байна, Монгол улс. Цаашид У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн хүнсний бодлого амжилттай хэрэгжвэл аж үйлдвэржилт ярьсан Х.Баттулга, хүнсний аюулгүй байдал ярьсан У.Хүрэлсүх гэсэн хоёр Ерөнхийлөгчтэй болох нь. Чухам Монголчууд үйлдвэрүүдээ дэмжиж үндэсний үйлдвэрээ хөгжүүлж чадвал, хүнсний аюулгүй байдал шийдэгдэнэ. Угтаа энэ хоёр Ерөнхийлөгчийн бодлого нэг цонхоор харж буй мэт нэг зорилготой аж.

Х.Цэцэн - sonin.mn