Г.Занданшатар: Төрийн ордон руу пүүзтэй хүүхэд оруулаагүй гэдэг худал мэдээлэл
2022/06/15
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар “Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, заагийг шинэчлэн тогтоож, зарим орчныг олон нийтэд нээлттэй болгох тухай” тогтоолын төслийг хэлэлцлээ.
Уг тогтоолын төсөлд УИХ-ын үйл ажиллагаатай танилцахаар ирсэн иргэдэд Төрийн ордонд нэвтрэхэд энгийн хувцаслалтыг зөвшөөрөхийг журмаар зохицуулах тусгажээ.
Уг тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд төрийн ордонд үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын албан хаагчдад хувцаслалтыг тодорхой кодтой болгох боломжтой эсэхийг лавласан юм.
Уг асуултад УИХ-ын дарга Г.Занданшатар дараах хариултыг өглөө.
Тэрбээр “Олон улсын жишгийг харахад хувцасны код нь Их хурлын гишүүд болон төрийн албан хаагчдад хамаардаг. Тиймээс Төрийн ордонд өмсөх хувцасны кодыг журмаар зохицуулах боломжтой.
Үүнтэй холбоотой нэг зүйлийг хэлэхэд, Төрийн ордон руу пүүзтэй хүүхэд оруулаагүй гэдэг худал мэдээлэл. Одоогийн журамд гутал заагаагүй. Гутал дээр шаардлага тавигдаагүй, тэгээд ч хүүхдүүд ихэвчлэн пүүз өмсдөг учраас зүгээр нэвтрүүлж байсан юм билээ. Пүүзтэй хүүхдүүдийг оруулаагүй мэтээр буруу тийш мушгиад байна” гэв.