Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагч охин О-ийн амь насыг хохироосон хэрэг өнгөрөгч оны аравдугаар сард гарсан. Охиныг нутгийн малчин залуу дотуур байрнаас нь бусдаар дуудуулан гаргаж авч яваад буудаж амь насыг нь хөнөөн, өөрийгөө егүүтгэсэн гэж хуулийн байгууллага дүгнэсэн. Уг хэргийг долоон сарын турш шалгаад, хэрэгтэн амиа егүүтгэсэн тул хаах шийдвэрийг аймгийн прокурорын газраас гаргасан байна.

Тиймээс талийгаач охины аав Г.Өлзийт Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нарт хандан гомдол гаргажээ.

Г.Өлзийт “Миний бие хэрцгий гэмт хэрэгтний гарт охиноо алдсанаас хойш олон сарыг үдлээ. Энэ хугацаанд буруутай этгээдүүдэд зохих хариуцлага тооцно гэж итгэж байтал Өвөрхангай аймгийн прокурорууд жирийн малчин биднийг үл тоомсорлож, хуулийн дагуу ажил үүргээ гүйцэтгэхгүй байгаад туйлын гомдолтой байна.

Гэмт хэрэгтэн амиа хорлосноор хариуцлага тооцох боломжгүй болсныг ойлгож байгаа. Гэхдээ хэрэг гарахад нөлөөлсөн хүмүүсийг шалгалгүй зөвхөн нас барсан хүнд холбогдуулан мөрдлөг явуулсантай эвлэрэх аргагүй байна. Тухайлбал, галт зэвсэг худалдаалах тусгай зөвшөөрөлгүй хэр нь гэмт этгээдэд сум худалдсан этгээд, албан үүрэгтээ хайнга хандсаны улмаас сурагч нь амиа алдсан сургуулийн захирал, бусад албан тушаалтнуудыг огт шалгаагүй. Эдгээр олон хүн гэмт этгээдийн ард нуугдаад үлдлээ. Үүнд маш их гомдолтой байна.

Одоо Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нарт найдаж гомдол гаргаж байна” гэлээ.