Эвийн өргөө Энхийн буухиа гүйлт 05 сарын 14-нд нийслэл Улаанбаатар хотоос гараагаа авснаас хойш 13 аймгийн нийт 63 сумын нутаг дэвсгэрээр 32 хоногийн турш өдөрт дунджаар 136 км буюу нийтдээ 4355 км буухиалаад байна.

Энхийн гүйлтийн бамбар 6 сарын 14-нд Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутгаар буухиалан 75 км замыг туулж Өлгий хотод шилжлээ. Энхийн галт бамбарыг Аймгийн Засаг дарга Д.Бауыржан болон БТСГ-н хамт олон, ерөнхий боловсролын сурагчдаас бүрдсэн орон нутгийн баг хүлээн авчээ.

Бамбарыг угтан Аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид энхийн гүйлтийн тухай өөрсдийн зурсан зургаар Эв эе надаас эхтэй сэдвээр үзэсгэлэн гаргаж, уран бүтээлчид ая дууны дээжээ өргөжээ.

Эвийн Өргөө энхийн гүйлтийн галт бамбар энэ жил 21 аймаг, нийслэл хот, 108 сумаар нийтдээ 7300 гаруй км газар нутгаар нийт 54 хоногийн турш буухиалан аялах юм. Галт бамбарыг тасралтгүй асаах үүрэгтэй үндсэн багт Орос, Австрали, Шинэ-Зеланд, Унгар, Молдав, Голланд зэрэг 6 орны гүйгчид оролцож байна.

Энхийн бамбар 6 сарын 15-нд Өлгий хотоос нийт 40 км буухиалж Алтанцөгц суманд шилжинэ.

Төгс гэгээрсэн багш Шри Чинмойн санаачилсан хүн төрөлхтний эв эе, энх амгаланг хүсэх “Эвийн Өргөө-Энхийн Гүйлт” Монгол оронд 14 дэх удаагаа зохиогдож байна . Тус гүйлт нь манай дэлхийн хамгийн урт гүйлт төдийгүй 1987 оноос хойш хоёр жил тутамд АНУ ын Нью-Йорк хотоос гараагаа авч дэлхийн 160 гаруй улс орноор аялаад байна.

 

Манай улсад  Энхийн Гүйлтийн бамбар 54 хоног гараас гарт дамжих бөгөөд  5-р сарын 14нд  нийслэл Улаанбаатар хотын төв талбайгаас гараагаа авч нийт 21 аймгийн 108 сумаар өртөөлөн 7254 км замыг туулан 7-р сарын 7-ны өдрийг дуусах юм.

Энхийн Гүйлтэд Тереза эх, Далай лам, Ромын Пап зэрэг шашны төлөөлөгчид, ерөнхийлөгч  М.С.Горбачаев,  Нельсон Мандела нарын улс төрийн томоохон зүтгэлтнүүд оролцож байжээ.  

Тус гүйлтийг  Шадар Сайдын ажлын алба, БТСУХ, Нийслэл, аймаг, сум, дүүргийн Захиргаа, Шри Чинмойн Марафоны баг хамтран зохион байгуулж байна.