Украины камиказе дрон Оросын газрын тос боловсруулах үйлдвэрийг дэлбэлжээ
2022/06/23
Украины хилд ойр оршдог ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэр өчигдөр дроны халдлагад өртжээ.
Камиказе дрон ниссээр үйлдвэрийн байгууламжид цохилт өгч буйг харуулсан дүрс бичлэг сошиал сүлжээнд тарсан байна.
Газрын тос боловсруулах үйлдвэр нь Ростов мужийн Новошахтинск хотод, Украины хилээс 8 км орчим зайтай оршдог ажээ.
Дүрс бичлэгийг үйлдвэрийн ажилчдын нэг үйлдсэн юм байна. Дэлбэрэлтийн дараа ажилчид хараал хэлж буй нь бичлэгт үлджээ.
Сүүлд РИА Новости агентлаг үйлдвэрийн галыг унтрааж буйг харуулсан дүрс бичлэгийг нийтэлсэн байна.
Үйлдвэрийн захиргаа халдлагыг Украины талаас үйлдсэн ба хохирлын хэмжээг тодорхойлохын тулд үйл ажиллагаагаа зогсоосныг мэдэгджээ.
Орон нутгийн цагаар өглөөний 8:40 цагт эхний дрон түүхий тос нэрэх байгууламж руу довтолсон бол дараа нь 9:23 цагт хоёр дахь дрон нөөцийн байгууламж руу нь халдсан тухай уг мэдэгдэлд өгүүлсэн байна.
Гал гарсан газраас дроны хэсгүүд олдсон, халдлагын үеэр хүний амь үрэгдээгүй тухай Ростов мужийн захирагч Василий Голубев мэдээлжээ.
Эх сурвалж: Business Insider