УИХ-ын сонгуулийг 10-р сард явуулах хувилбар яригдаж байна
2022/06/30
Эрх баригч МАН-ынхан Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах нь тодорхой болоод байна. 6-р сарын 9-нд МАН, АН, ХҮН болон УИХ-д суудалгүй намууд Үндсэн хуульд, нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар санал гаргаж, улс төрийн “Тунхаг бичиг”-т гарын үсэг зурсан юм.
Энэ нь бүх л намууд энэ төслийг хамтран боловсруулсан гэх үзэл суртлын зорилготой. Үнэн хэрэгтээ УИХ-д суудалгүй намууд гэж дарга, тамга хоёроос өөр зүйлгүй хэсэг нөхөд буюу ХААИС төгссөн А.Отгонбаатар гэх уран илтгэгч залуу, "Искра" сургуулийг ажиллуулж байхдаа Эмэгтэйчүүдийн нэгдсэн нам гэгчийг байгуулсан Б.Саранцэцэг, facebook группээс үүссэн АТОЗ, сонгуулийн сурталчилгааны цагаа МАН-д зарж, мөнгө олдог Эх орончдын Нэгдсэн Нам мэт л байгаа шүү дээ.
Жинхэнэ эзэд нь МАН-ын л удирдлагууд.
Тэд наадмын дараа УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан, Үндсэн хуулинд нэмэлт оруулж, УИХ-ын гишүүдийн тоог 150-152 болгох, сонгуулийн тогтолцоог холимог болгох, УИХ-ын гишүүд сайдаар давхар ажиллахыг зөвшөөрөх, Монгол Улсын Ерөнхийлөгчийг УИХ ба аймаг, нийслэл, дүүргийн ИТХ-ын өргөтгөсөн хувилбараас сонгох зэрэг өөрчлөлтийг хийх аж.
Хамгийн гол нь Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулмагцаа УИХ-ын ээлжит бус сонгуулийг энэ оны 10-р сард зохион байгуулах хувилбарыг маш хүчтэй ярьж эхэлжээ.
Энэ нь нэгдүгээрт, МАН-ынхан айсуй эдийн засгийн хүндрэлийг хэрхэн яаж давахаа мэдэхгүй байгаа тул хариуцлагаас зугтан, УИХ-ын ээлжит бус сонгуулийн үр дүнгээр бүрэлдсэн намуудтай "ял, зэм"-ээ хамтарч үүрэх,
хоёрдугаарт, улам бүр муудах эдийн засгийн хүндрэлээс үүдэн, иргэдийн дургүйцлийг дээд цэгт нь хүргэн, УИХ-ын 2024 оны сонгуулиар навс ялагдахын оронд хамтраад ч болтугай эрх барих хугацаагаа сунгах зорилготой гэнэ.
УИХ-ын гишүүдийн дийлэнхид нь улс орон байтугай МАН цаашид яах нь ч хамаагүй тул, үлдсэн хоёр жилдээ чадвал сайд болж, ядвал гишүүн хэвээрээ байх нь л чухал. Иймээс тэд УИХ-ын сонгуулийг 10-р сард явуулах хувилбарыг дэмжих эсэх нь тодорхойгүй. Харин МАН-ын удирдлагуудын хувьд эрхбиш хариуцлага үүрч байгаа юм болохоор Монгол Улсыг биш гэхэд Монгол Ардын Намын цаашдын ирээдүй, улс төрийн замналыг бодон ийм хувилбар гаргасан байна.
Э.Мягмар
sonin.mn
Зочин · 2022/07/01
Улс орныг дампууруулсан МАН хариуцлагаас мултрах арга хайж их хурлын гишүүдийн тоог 150 болгох гэж улайрч байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг эрс эсэргүүцэж байна
Зочин · 2022/06/30
Ичих бульчирхайгүй луйварчид сонгуулиа л ярьдаг
Зочин · 2022/06/30
ОУ-с зээл аваад төсөвөө бүрдүүлж одоо 1 хүнд 33 сая төгрөгийн өр гэхээр хэдэн жилийн дараа өрөндөө эх орноо өгөх үү л үлдлээ Одоо ард түмэн минь аль нам зээл авахгүй байна тэр намын ИХ-д сонгоцгоое
Зочин · 2022/06/30
МАН ямар хулхидаж сураагүй биш. Ард иргэдийг наадамлаж байхад дураараа дургих биз,