Ч.Болортуяа: АИ-92 шатахууны гаалийн албан татварыг тэглэх шийдвэрийг сунгалаа
2022/07/27
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтэд аудит хийх хүсэлтийг Үндэсний аудитын газарт өглөө.
АИ-92 шатахууны гаалийн албан татварыг тэглэх шийдвэрийг сунгалаа. Намрын ургац хураалтад шаардлагатай шатахууны үнийг хөнгөлөх тогтоолыг баталсан" гэв.
Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Олон нийтийн дунд хүүхдийн вакцинжуулалтыг эцэг, эхээс зөвшөөрөл авахгүйгээр хийж байна гэх мэдээлэл гараад байна. Энэ мэдээлэлтэй холбоотойгоор ЭМЯ-наас өгч буй тайлбарыг товч танилцуулъя.
2022 оны наймдугаар сарын 1-нээс эхлээд 5-11 настай хүүхдүүдийг коронавирусийн эсрэг вакцинаар дархлаажуулна. Ингэхдээ зайлшгүй эцэг, эхийн сайн дурын буюу эцэг эхийн зөвшөөрлийн хуудсанд үндэслэж вакциныг хийх талаар тус яамнаас мэдээлж байна.
"Эмнэлэгт хэвтэж байгаа хүүхдүүдэд эцэг, эхийн зөвшөөрөлгүйгээр вакцин хийж байна", "Хичээл сургуульд зөвхөн коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн хүүхдүүдийг хамруулна" гэдэг нь худал, ташаа мэдээлэл юм" хэмээн тайлбарлалаа.
Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг мэдээлэл өгөхдөө, Тэрээр Ерөнхий сайдын Сингапур улсад хийсэн айлчлалын талаар мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Хил гааль одоо харьцангуй нээлттэй болсон. Хамгийн сүүлд буюу энэ сарын 22-нд Бичигтийн боомтыг нээлээ. Урд хөрш рүү нүүрс гаргасаар байна, импортын бүтээгдэхүүний тээвэр ч сааталгүй болсон.
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн айлчлалын тов хараахан гараагүй байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан мэдээлэл өглөө.
"Дизель түлшний үнийг тогтвортой байлгахад Засгийн газрын нөөц сангаас 6.5 тэрбум төгрөгийг гаргахаар шийдвэрлэлээ"
Тэрбээр "Энэ жил улсын хэмжээнд 368.4 мянган га талбайд улаанбуудай, 19.7 мянган га-д төмс, 51.2 мянган га-д малын тэжээл, 116 мянган га-д тосны ургамал тариалаад нийт 570.8 мянган га-д тариалалт хийгээд байна. Наймдугаар сарын 20-н гэхэд ургацын урьдчилсан баланс гарна.
Өнгөрсөн оны ургац хураалтын үеэр шатах тослох материал болон дизель түлшний үнэ 3,380 төгрөг байсан бол өнөөдөр 4,030 төгрөг болж 19.6 хувиар өсжээ.
Хаврын тариалалт, намрын ургац хураалтад нийт 20-25 мянган тонн түлш хэрэгтэй болдог. Иймд энэ намрын ургац хураалтын бэлтгэл ажилд зориулж 10 мянган тонн түлшийг хаврын тариалалтын үеийн үнийн түвшинд байлгахаар Засгийн газрын нөөц сангаас 6.5 тэрбум төгрөгийг гаргахаар шийдвэрлэлээ.
Энэ татаасыг бид ургац хураалтын гүйцэтгэлээр нь буюу хүнсний ногоо, төмс, улаанбуудайн ургац хураалтын дүнгээр нь олгоно" гэв.
Түүхий эдийн экспортын нөхцөл байдлын талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон мэдээлэл өглөө.
Гашуунсухайт боомтоор сүүлийн сарын хугацаанд хоногт 500-аас дээш машин тогтмол гарч байгаа бөгөөд ялангуяа нүүрс тээврийн 1,000 гаруй машин тогтмол явж байгааг онцоллоо. Хэрэв КОВИД-19-ийн тохиолдол шинээр илрэхгүй бол энэ хэвээр үргэлжлэх боломжтой гэв.
"Хятад улс дэлхийн эрчим хүчний нүүрсний нийт хэрэглээний тал хувь буюу дангаараа жилд 4 тэрбум тонн нүүрс хэрэглэдэг. Эрчим хүчний нүүрснийхээ импортыг өсгөх шийдвэр мөн гаргасан тул манайх экспортоо улам нэмэгдүүлж, найдвартай ханган нийлүүлэгч болохоо батлах хэрэгтэй. Зэсийн экспорт өнгөрсөн оны мөн үеэс 16% даваад явж байгаа.
Төсвийн орлогын 3-аас дээш хувийг бүрдүүлдэг гол хоёр бүтээгдэхүүний экспорт сайн үзүүлэлттэй байгаа. Он дуустал энэ хэвээр явбал тодотгосон төсөвт тусгасанчлан нүүрсний экспорт 28 сая тонн хүрнэ гэж харж байгаа. Төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээ энэ хоёр бүтээгдэхүүн дээр тэнцвэржүүлсэн үнээр буюу өнгөрсөн 10, ирэх гурван жилийн дунджаар авдаг. Зэсийн үнэ 6,300-аас доош орвол төсөвт нөлөөлнө. Нүүрсийг 100 ам.доллароос доош авч тооцдог. Илүү үнэ нь Тогтворжуулалтын сан руу ордог. Өнөөдрийн хагас жилийн байдлаар төсвийн бүрдүүлэлт сайн явж байгаа" гэлээ.
Paul · 2022/07/28