Хан-Уул дүүргийн нутаг, Наадамчдын гудамж, Яармагийн авто замд явган хүний нүхэн гарц байгуулах ажил ид өрнөж байна. Энэхүү бүтээн байгуулалттай холбоотойгоор “Хүннү молл”-ын баруун урд талын уулзвараас “Шинэ өргөө” хороолол хүртэлх 200 метр замын хөдөлгөөний зохион байгуулалтад түр хугацаанд өөрчлөлт оруулаад байгаа. Үүнээс үүдэн Яармаг, Нисэхийн авто замын ачаалал нэмэгдэж, иргэд бухимдахад хүрээд буй юм.
Тэгвэл ИНЕГ-ын удирдлагууд Яармагын түгжрэлд шийдэл гаргаж ажлын цагаа эхлэх, тарах хугацаандаа оновчтой өөрчлөлт оруулжээ.

Тухайлбал, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Яармагийн авто замд явган хүний нүхэн гарц барих засварын ажил явагдаж, замын хөдөлгөөний ачаалал эрс ихссэнтэй холбогдуулан Иргэний нисэхийн ерөнхий газар, түүний харьяа салбар, нэгжид мөрдөгдөж буй ердийн ажлын цагийг 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн ажлын эхлэх, тарах хугацааг 07:30-16:30 болгон өөрчилжээ.