С.Эрдэнийн талд Д.Ганбатаас өөр УИХ-ын гишүүн байгаа нь эргэлзээтэй бололтой
2022/08/29
АН-ын дарга асан С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Ганбат, АН-ын гишүүн, хуульч Ч.Өнөрбаяр тэргүүтнүүд Төрийн ордонд мэдээлэл хийж, АН-ын дүрмийг зөрчсөн гэж үзээд УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, С.Одонтуяа, О.Цогтгэрэл, Б.Бейсен нарыг 8 жилийн хугацаанд Ардчилсан намын гишүүнээс хасах, Ж.Батсуурийн АН-ын гишүүнчлэлийг сэргээх шийдвэр гаргаснаа зарлав.
Үүнтэй холбоотойгоор УИХ дахь АН-ын бүлгийг татан буулгаж, УИХ дахь АН-ын зөвлөлийг УИХ-ын гишүүн Д.Ганбат, Д.Бат-Эрдэнэ, А.Адьяасүрэн, Ж.Батсуурь нарын бүрэлдэхүүнтэй зохион байгуулснаа мэдэгдсэн юм.
Гэвч О.Цогтгэрэл даргатай УИХ дахь АН-ын бүлэг үйл ажиллагаагаа хэвийн явуулж буй гэх бөгөөд тэр бүү хэл ажлын албаны даргаараа С.Эрдэнэболдыг томилсон байна. Учир нь өөрсдийнх нь мэдэгдэж буйчлан С.Эрдэнийн талд УИХ-ын гишүүн Д.Ганбат, Д.Бат-Эрдэнэ, А.Адьяасүрэн, Ж.Батсуурь нар байгаа нь худал бололтой.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үүнийг үгүйсгэсэн бол ба Д.Бат-Эрдэнийн хувьд хоёр талд тоглож, сайдын суудал олж магад хэмээн азаа үзэж буй аж. Харин нэгэнт Х.Баттулгатай түнжин хагарсан Ж.Батсуурийн намын гишүүнчлэлийг сэргээх замаар тал засахыг хичээх түвшинд л С.Эрдэнэ оролдож байгаа юм байна.
Харин УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн УИХ дахь АН-ын бүлгийн даргад өрсөлдөөд ялагдсанаасаа хойш хоёр хуваагдсан АН-ын алинтай ч холбогдолгүй сураггүй болоод буй аж.
Өөрөөр хэлбэл С.Эрдэнийн талд Д.Ганбатаас өөр УИХ-ын гишүүн байгаа нь маш эргэлзээтэй бололтой.