РЦНК-гийн газрын "тэмцэл"-ийн ард нам дамнасан улстөрчид байгаа юу?
2022/09/21
Баянзүрх дүүргийн I хорооны нутаг дахь РЦНК-гийн өмнөх талбайд "Барилга барина, бариулахгүй" гэсэн асуудал хэд хоног яригдаж байна. Уг газрыг эзэмшигч компани барилгын ажил эхлүүлэх үйл явцтай холбоотой зөвшөөрлүүдээ хүлээсээр 10 гаруй жилийг үджээ.
Харин тухайн үед хамт газар эзэмших зөвшөөрөл авсан компаниуд хэдийнэ барилга, орон сууцаа барьж ашиглалтад оруулаад байгаа юм. Уг газрыг эзэмшигч компанийн барилга барих явцтай зөвшөөрлүүд өнгөрсөн жилээс нааштай шийдэгдэж, ажлаа эхлүүлэх гэсэн ч мод сүйтгэсэн асуудлаар дахин гацаанд оржээ.
Ер нь бол уг газрыг авахаар шунадаг нөхдүүд барилга бариулалгүй, зөвшөөрлийг нь гацаасаар өнөөдрийг хүрсэн байдаг. Энэ удаа ч нам дамнасан, нэр бүхий улстөрчид "тэмцэл" зохион байгуулж байж болзошгүй байна. Маш нарийн төлөвлөлт, зохион байгуулалттай уг арга хэмжээ гэдгийг иргэн Э болон түрүүлж баригдсан орон сууцны оршин суугчид мэдэхгүй байгаа аж.
Тэр ч байтугай Байгаль орчны сайд Б.Бат-Эрдэнэ ч тэрхүү "тоглолт"-д орчихсон тууж явна. Уг нь тэрбээр чиг үүргийн хамааралгүй. Энэ нь Хотын даргын эрх хэмжээний ажил юм. Нөгөөтэйгүүр энэ нь хувийн хэвшилд шууд халдаж байгаа хэрэг юм. Яг иймэрхүү кэйс дээр өнгөрсөн зун, зургадугаар сарын эхээр чуулган дээр эрхэм гишүүд "Төр зөвшөөрснөөсөө бусдыг чөлөөтэй явуулах ёстой. Аж ахуйн нэгжүүд хориглосноос бусад бүх зүйлийг хийх боломжтой. Төр маш олон зүйл рүү дайрч орж байна. Хөтөлийг булааж авсан. Гэтэл одоо Хөтөлийн үйлдвэр нь цементээ нийлүүлэхээ больсон. Хөгжлийн банкны асуудал байна. Бэрэн компани Монгол Улсын хийж чадахгүй байгаа төмөрлөгийн үйлдвэрийг хөгжүүлэх гээд явж байхад захирлыг нь аваачаад хорьчихдог. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээс орлого олох боломжийг хааж байна. Монголын аж ахуйн нэгжүүд хохирч байна. Дулааны аргаар боловсруулсан мах ойролцоогоор 20 мянган төгрөгийн үнэтэй, чанартай мах. Яс, өөхийг нь ялгасан мах байдаг. Үүнийгээ экспортолж, 100 гаруй сая ам.долларын орлого олох боломжтой. Энэ махыг хэрэглэдэг монгол хүн байхгүй. Төр бизнесийн үйл ажиллагаанд хэтэрхий оролцож, цахим сүлжээний дүйвээнд хэтэрхий автаж байгаа нь үнэхээр хариуцлагагүй үйлдэл. Цаашдаа төр, засгийн үйл ажиллагаа бизнес рүү, хувийн хэвшил рүү дайрч явахын бол бүгд коммунизм, социализм руугаа орно. Энэ талаар парламентаас тодорхой санаачилга гаргах ёстой. Хамаг орлогыг олдог бизнес рүү дайрч төрд авдаг зохицуулалт руу орвол эцэстээ төсөв орлогогүй болох нөхцөл байдал руу орно. Төрийн өмчит 390 компани бүгд алдагдалтай ажилладаг, хулгай дээрмийн нөхцөл байдалтай. Гэтэл хувийн хэвшлээ дээрэмдэх маягаар ажиллаж байна" гэж шүүмжилж байв.
Гэхдээ одоо Засгийн газар хувийн хэвшлийн үйл ажиллагаанд ийм байдлаар халдахгүй байх бодлого барьж буй аж. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн хавар "Монголын эдийн засгийн чуулган-2022” чуулганыг нээж үг хэлэхдээ "Төр бол хязгаарлагч хүчин зүйл биш байна гэдэгт Засгийн газар манлайлал үзүүлж ажиллана. Төр, хувийн хэвшлээ хязгаарладаг биш дэмждэг, тусалдаг байх болно. Төр дангаараа бүхнийг бүтээж чадахгүй, хувийн хэвшилд ашигтай төслүүдэд төр оролцохгүй. Харин хязгаарлагч хүчин зүйлсүүдийг нь шийлдвэрлэхэд төр дэмжлэг үзүүлнэ. Бусдаар иргэд, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчид энэ бүх төсөл, арга хэмжээг бодит хэрэг ажил болгоно" гэсэн.
Мөн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан саяхан "Монголын уул уурхайн долоо хоног-2022" чуулга уулзалт дээр "Төр нэг гараараа зөвшөөрөл өгчихөөд, нөгөө гараараа хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлээ дарамталж болохгүй" гэж мэдэгдсэн. Нөгөө талаар тухайн газар дээр ямар бүтээн байгуулалт хийх гэж байгаа талаар зураг төсөл, компани аж ахуйн нэгжүүдийн зардал чирэгдлийг огт тооцохгүйгээр шийдвэр гаргах нь "төрийн нэр барьсан дээрэм" л болно. Манай саяхны түүхэнд ийм гашуун жишээ бий. Ердөө долоо, найман жилийн өмнө Ерөнхий прокурор нөхөр нэр бүхий таван компаниас 40 гаруй сая ам.доллар дээрэмдсэн нь саяхан ил болсон. Одоо төр, засаг, хууль хяналтынхны гол ажил болоод байгаа "стратегийн төслүүдийг гацааж, түүнээс болоод алдагдсан боломжийг буцааж нөхөх" гэдэг ч ийм мэтийн үйл ажиллагаатай холбоотой. Өөрөөр хэлбэл, цахим сүлжээ нь сүүлийн үед ийм тархи угаах, нөлөөлөл үзүүлэх PR ажиллагааны гол хэрэгсэл болсон. Тэгэхээр цахим сүлжээний "сэвэлт"-д зарим улстөрч, тэр дундаа нам дамжсан улстөрч, бизнесмэнүүдийн цацсан PR-т автах эсэх дээр төр ул суурьтай хандах хэрэгтэй юм. Олон нийтэд таалагдах" зорилгын хүрээнд элдвийн шийдвэр гаргах нь буцаад 30 жилийн өмнөх рүүгээ ухарч байгаатай агаар нэг юм.
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН "ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ" НЭГДЭЛ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 2022/09/22
eronhiilogch ard tumenteigee hamt geed bsan ed nariig nam darmaar baih ymaa