МУГЖ Т.Баясгалан: Миний нууц хүүхдийг олоод ирвэл би өөрт байгаа бүхнээ өгье
2013/04/17
Энэ удаагийн “Mobile news”-ээр Монголын ард түмэндээ нийтийн дууны хатан хаан хэмээгдэн хайрлан хүндлэгдэж явдаг МУГЖ Т.Баясгалантай холбогдож “Дуучин Т.Баясгалан хэзээ нууц хүүгээ ил гаргах вэ?” гэсэн мэдээллийн тодруулгыг авсан юм.
Түүний талаар сүүлийн хэдэн жилийн турш бараг бүх хэвлэлийнхэн бичиж цуурсан нэгэн мэдээлэл нь “Увс аймагт нууц нөхөр, хүүтэй” гэх мэдээлэл юм. Тэрээр арван жилээ төгсөөд удаагүй байхдаа хүний хань болж үрийн зулай үнэрлэн ээж болсон бөгөөд хотод ирээд СУИС-д сурч байхад нөхөр нь байнга хардаж, дарамталж зовоодог байснаас арга буюу харьцаагаа тасалж бяцхан үрээ өнчрүүлсэн гэсэн мэдээлэл ихээр гарсан.
Тэгвэл дээрхи мэдээлэлд эрхэм дуучин маань албан ёсны хариулт өгсөн юм. МУГЖ Т.Баясгалан: Олон жилийн өмнөөс цацагдаж эхэлсэн дээрхи мэдээлэл сүүлийн жилүүдэд илүү ихээр миний нэр төрд халдах болсоныг юуны түрүүнд хэлмээр байна. Түүнчлэн дээрхи мэдээлэл нь ямар ч ор үндэслэлгүй гэдгийг би ам бардам хэлнэ. Би их сургуулиа төгсөөд ид дуулж байх үед л төрсөн ганц дүүгээ дагуулаад салхилуулаад явж байхад нэг нь харчаад л тэрийгээ мэдээ болгож цацсанаас энэ яриа гарсан. Тэрнээс хойш би ч залруулга хийгээгүй явсаар дээрхи мэдээлэл намжсангүй өдийг хүрлээ. Ер нь эмэгтэй хүн, эх хүн тэр дундаа Монгол эхчүүд яаж ч ядарч зүдэрсэн төрүүлсэн үрээ хаядаг тохиолдол бараг байдаггүй биздээ. Миний хувьд боловсрол хүмүүжилтэй, ёс суртахуунтай, айлын хүүхдийн хүмүүжлээр өсөн торнисон болохоор тийм хүн чанаргүй юм хэзээ ч хийхгүй. Би монголын ард түмний хайр хүндлэлийг хүлээсэн МУГТ, Кёкүшюзан Д.Батбаяртай ханилан суугаад 2 сайхан хүү төрүүлээд одоог болтол хамтдаа халуун ам бүлээрээ бусдын адил сайхан л амьдарч байна. Энэ дашрамд миний талаар худал мэдээлэл цацаад байгаа бүх хүмүүст хандаж хэлэхэд, тэр хаягдсан нууц гээд байгаа хүүхдийг ил гаргаад надад аваад ирсэн хүнд би өөрт байгаа бүх зүйлээ өгөхөд ч бэлэн байна.” хэмээлээ.
Ийнхүү олон жилийн турш цацагдсан дээрхи мэдээллийн албан ёсны хариулт болсон тодруулга мэдээг манай сайтын хамт олон та бүхэндээ хүргэлээ.
Бэлтгэсэн: Э.Цэнд Аюуш