Нефть импортлогч компаниуд торгуулиа төлж эхэллээ
2013/04/17
2012 онд нефть импортлогч компаниуд үгсэн хуйвалдаж, үнээ нэмсэн явдал нь хууль бус хэмээн үзэж ШӨХТГ-ын улсын байцаагч 17 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан ч тухайн үеийн удирдлага, зөвлөлийн гишүүд “Компаниудын үгсэн хуйвалдсан нь нотлогдоогүй асуудал” хэмээн үзэж уг торгуулийг хүчингүй болгосоныг тухай бүр мэдээлж байсан билээ.
Харин энэ үйлдэл нь өөрөө хууль бус шийдвэр хэмээн О.Магнай дарга үзэж өмнөх удирдлагуудын хүчингүй болгоод байсан уг шийдвэрийг цуцлан шүүхэд нэхэмжлэл гаргасан билээ. Хуулинд заасны дагуу тус компаниудыг өмнөх жилийн нийт ашгийн зургаа хүртэлх хувиар тооцолгүй олсон нийт ашгийнх нь 1,5-2 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөөр торгууль ногдуулсан юм.
Ийнхүү ШӨХТГ-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу “Сод Монгол" ХХК, “Петро жамп” ХХК, НИК ХХК, Жаст ойл ХХК, Ойн бирж ХХК, Магнай трэйд ХХК, Шунхлай ХХК-удад ногдуулсан торгуулийг эргүүлэн төлөх шүүхийн шийдвэрийн ажиллагаа явагдаж одоогийн байдлаар “М Ойл” ХХК, "Ойн бирж" ХХК, “Магнай трейд" ХХК-иуд торгуулийн мөнгөн дүнгийн эхний хэсгээс төлж эхлээд байна.
Одоо шүүхийн шийдвэрээр:
“Шунхлай трейдинг" ХХК-ийн 1, 6, 7, 11, 12, 14 хороонд байрлах 6 шатахуун түгээх станцыг битүүмжлэн 19 тээврийн хэрэгсэлийн шилжилт хөдөлгөөнд хориг тавьсан.
“Петрожамп" ХХК-ын бенз маркийн машин,
“Магнай трейд" ХХК-ын Хан-Уул, Сүхбаатар дүүрэгт байрлалтай 4 үл хөдлөх хөрөнгө, 3 шатахуун түгээх станц, конторын зориулалттай 12 давхар барилгыг битүүмжилж, 30 ширхэг тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнд хориг тавьсан.
“М Ойл" ХХК-ын лексус 470, 570 машин, БЗД-т байх 5500мкв газрыг битүүмжилсэн.
“Ойн бирж” ХХК-ын БЗД, СБД, Налайх дүүрэгт байрлах 4 ШТС-ын захиран зарцуулах эрхийг 2013.03.01-ны өдрөөс түдгэлзүүлэх ажиллагаа явагдаж байна.