НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2007 онд жил бүрийн  есдүгээр сарын 15-ныг олон улсын Ардчиллын өдөр болгон тунхагласан. Олон улсын Ардчиллын энэ өдөр Монгол Ардын Нам “ОРОЛЦЪЁ, ТӨЛӨӨЛЬЕ” жендерийн эрх тэгш байдал Удирдах ажилтны хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

 Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын Намын дарга Л.Оюун-Эрдэнэ энэхүү хэлэлцүүлгийг  нээж үг хэлэхдээ “Өнөөдөр Монгол Улсын нийт хүн амын 51 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Гэхдээ ажиллах хүчнээс гадуурх хүн амын 61 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Энэ бол сайн тоо биш. Өрх толгойлсон гэр бүлийн 86 хувь нь эмэгтэйчүүд байна. Энэ бол маш сэтгэл эмзэглүүлсэн тоо. Бид яаралтай эрчүүдийнхээ боловсрол болон бусад асуудалд  анхаарах цаг болсон. Өнөөдөр их, дээд сургуульд суралцагчдын хүйсийн тэнцвэр алдагдсан. Баклаварын түвшинд суралцагчдын 40 хувь, сургууль завсардагчдын 72 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна. Өндөр боловсролтой эмэгтэйчүүд, боловсрол багатай эрэгтэйчүүд хоорондоо үл ойлголцдог тэгш бус байдал үүсч байна. Тиймээс бид  хүйсийн тэгш бус байдалд эрэгтэйчүүдийн асуудлыг ч гаргаж ирэх цаг болсныг энэ тоо баримтууд харуулж байна. Скандиновын  орнуудын туршлага, эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо нэмэгдэх тусам авлигын индекс буурч, нийгмийн асуудал илүү сайжирч, нийгэм өөрөө зөөлөрдөг, баталж байгаа төсөв ч гэсэн юунд зарцуулагдаж байгаа нь илүү олны анхаарлыг татдаг юм байна. Тиймээс бид жендерийн асуудлыг чухалчилж үзэх ёстой.  Жендер зөвхөн эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог  нэмэх гэсэн явцуу зорилт биш, нийгмийн зөрчлийг багасгаж, тэгш бус байдлыг хангах тэнцвэр. Тиймээс энэ концевц дээр бид нэгдэх хэрэгтэй. Статистик тоо баримтыг харахад гэрэлтэй ирээдүй харагдаж байна. Төрийн захиргааны  байгууллагад ажиллаж байгаа нийт албан хаагчдын 61 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Өөрөөр хэлбэл салбар салбартаа  эмэгтэй лидерүүд бэлтгэгдэж байна гэсэн үг ” хэмээн онцлов.

Монгол Ардын нам эрх баригч намын хувьд манлайлал үзүүлж бүх шатанд жендерийн эрх тэгш байдлыг ханган хэрэгжүүлэх,  нэгдмэл орчныг бүрдүүлэх, жендерийн мэдрэмжтэй нам болох зорилт тавиад байна. Энэ зорилтын хүрээнд жендерийн эрх тэгш байдлын үзэл баримтлалыг боловсруулж, энэхүү хэлэлцүүлгийн үеэр танилцуулж, санал авч байна.