Ерөнхий боловсролын хоёр сургуулийн захирлыг цагдан хорьжээ
2022/09/28
Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулийн харьяа “Тэмүүжин өрлөг” сургуулийн болон 84 дүгээр сургуулийн захирлуудыг саатуулжээ.
Тодруулбал, тэднийг хамран сургах тойргийн бус хүүхдийг хахууль авч, элсүүлсэн байж болзошгүй гэх үндэслэлээр өнгөрсөн Даваа гарагт буюу энэ сарын 26-ны өдөр ШШГЕГ-ын харьяа урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулсан болохыг Цагдаагийн байгууллага батлав.
Боловсролын байгууллагаас энэ хичээлийн жилийн сургууль, цэцэрлэгийн элсэлтийн бүртгэлийг цахимаар явуулж, хамран сургах тойргийн харьяа сургалтын байгууллагад хүүхдүүдийг оруулсан юм. Ингэснээр хотын түгжрэл багасахаас гадна хахууль авч харьяаллын бус сургуульд оруулдаг асуудалтай тэмцэнэ хэмээн албаныхан тайлбарлаж байсан билээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн сургууль, цэцэрлэгт хамран сургах тойргийн бус хүүхдийг хамруулсан эсэхэд АТГ-аас улирал тутамд хяналт тавьж, шалгалт зохион байгуулна. Мөн үр дүнг нь мэдээлж, холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцно хэмээн мэдээлж байв.