-БОДЛОГЫН ХҮҮ 12 БОЛСНООР ХАДГАЛАМЖИЙН ХҮҮ НЭМЭГДСЭН-


Монгол төгрөгийн ханш өдөр ирэх тусам суларсаар байна. Ам.долларын эрэлт ихэсч, нийлүүлэлт багассаны улмаас ханшийн өсөлт эрчимтэй нэмэгдэж байгаа нь эдийн засгийн зарим үзүүлэлт, иргэдийн худалдан авалтад сөргөөр нөлөөлж буй. Монгол Улс сардаа 300 сая ам.долларыг үрдэг гэсэн судалгаа бий. Энэхүү валютын урсгалыг дотооддоо барих, цаашлаад ам.долларын эрэлтийг хангах шинэ эх үүсвэрийг бий болгох нь чухал гэдгийг эдийн засагчид ярьж байна. Намрын чуулган удахгүй эхэлнэ. Үүгээр ирэх оны Монгол Улсын төсвийг хэлэлцэн батлах билээ. Ирэх жилийн төсөвд шинэ том төслүүдэд ямар нэгэн хөрөнгө оруулалт хийхгүй гэдгээ Сангийн яам мэдэгдсэн. Мөн гадаад өрийг бууруулах чиглэлд илүү анхаарна гэдгээ хэлсэн.

Ам.долларын ханш нэмэгдэх, төгрөгийн ханш улам унасаар байгаа энэ үед үүнийг зохицуулах үүрэгтэй Монголбанк ямар бодлого барьж ажиллаж байгааг тодрууллаа. Тэд төгрөгт итгэх, төгрөгийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэхэд түлхүү анхаарч байна гэв. Өөрөөр хэлбэл, бодлогын хүүг нэмэгдүүлснээр төгрөгийн ханшийн уналтыг тогтвортой барих боломжтой гэсэн үг. Нөгөөтэйгүүр эдийн засагчид болон олон нийтийн дунд Монголбанкнаас шинэ буюу том мөнгөн дэвсгэрт гаргах асуудал идэвхтэй яригдаж байна. Төгрөгийн хамгийн том дэвсгэрт нь 20 мянга. Үүнээс дээш 30, 40, 50 мянган төгрөгийн дэвсгэрт гаргах уу гэдэг асуудлаар болон хадгаламжийн хүүгийн асуудлаар албаны эх сурвалжаас дараахь тодруулгыг авлаа.


-Ам.долларын өсөлтөөс шалтгаалж төгрөгийн худалдан авах чадвар суларч байна. Үүнээс болоод иргэд банкуудад бэлэн мөнгө хадгалуулах нь багассан гэх мэдээлэл байна. Ер нь Монголбанкнаас хадгаламжийн хүүг өсгөх үү. Энэ асуудал дээр ямар бодлого баримталж ажиллаж байна вэ?

-Одоогийн байдлаар жилийн хугацаатай төгрөгийн хадгаламжийн хүү 10 орчим хувь байна. Сая манайхаас бодлогын хүүгээ өсгөснөөс хойш зарим арилжааны банкууд хүүгээ бага зэрэг өсгөөд эхэлж байгаа. Банк бүрийн хүү харилцан адилгүй, гэхдээ дунджийг нь тооцоод үзэхэд 10 хувь болж байгаа юм. Хадгаламжийн хүү хугацаанаасаа хамаараад мөн адил өөр байдаг шүү дээ.

-Бодлогын хүү өссөнтэй холбоотойгоор бусад банкууд хүүгээ нэмсэн гэж ойлгох уу?

-Бодлогын хүү гэдэг бол төгрөгийн суурь өгөөж. Энэ хүүгээс зах зээл дээр байгаа бүх хүү шалтгаалж байдаг. Ойр үеийн зах зээлийг харахад валютын ханшийн өсөлт эрчимжиж байна, инфляци явж байна. Ийм үед төгрөгийн суурь өгөөж буюу бодлогын хүүг нэмэгдүүлчихээр төгрөгт итгэх итгэл нэмэгднэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хүмүүс төгрөгийн хадгаламжаа барих сонирхол нь өснө гэсэн үг л дээ. Бодлогын хүүг 12 болгоод өсгөчихөөр дагаад хадгаламжийн хүү өснө гэж ойлгож болно.

-Нийгмийн дунд шинэ мөнгөн дэвсгэрт гарах эсэх талаар сонирхож байна. Өөрөөр хэлбэл 30, 40, 50 мянгатын дэвсгэрт гарах уу. Энэ чиглэлээр ямар бодлого барьж ажиллаж байна вэ?

-Манайхаас аравдугаар сарын 1-нээс өмнө ирэх оны Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг батлах төслийг УИХ-д өргөн барьдаг шүү дээ. Энэхүү төсөлд мөнгөн дэвсгэртийн зохистой бүтэцтэй холбоотой заалтууд орчихсон явж байгаа. Гэхдээ мөнгөн дэвсгэртийг батлах асуудал бол УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Шинэ мөнгөн дэвсгэрт гаргах эрх Монголбанкинд байдаггүй.

-Танайхаас шинэ мөнгөн дэвсгэрт гаргах төслөө УИХ-д танилцуулах юм байна гэж ойлгож болох уу?

-Бидний хувьд энэ асуудлаар судалгаа хийж байж танилцуулна. Одоогоор 11 төрлийн дэвсгэрт байна. Үүний үр ашиг нь ямар байна, дэвсгэрт болгоны насжилт ямар байна, хэрэглээ ямар байна гэх мэт зохистой бүтцэд нь анализ, шинжилгээ хийгээд улмаар УИХ-д танилцуулна гэсэн үг.