Шинэчлэлийн Засгийн газарт "Шударга ёс" эвслийн квотоор багтаж, Хууль зүйн дэд сайдын суудалд заларч албан тушаалын бялуунаас том зүсэм амталсан Э.Эрдэнэжамъян цахим ертөнцөд "одонцор" болох дуртай улстөрчдийн нэг. Намын дарга Н.Энхбаярыгаа өмөөрч "Интерпол"-д захиа бичсэнээсээ болж албан тушаалаасаа эгээтэй л буучихаагүй тэрбээр өчигдөр "23 настай, 175 см өндөр царайлаг хүүхэнд 100 мянган төгрөг хэрэгтэй болоод мессеж шидээд, Өргөө дээр дуудаад, ккк би ичээд, эхнэрээсээ айгаад" хэмээн өөрийнх утсанд ирсэн мессежийг твиттертээ тавьж жиргэжээ.

 

     Хүүхнүүд эргүүлээд хэцүү байдаг гэж гайхуулах гэсэн үү, эсвэл ийм урилга анх удаа авсан ч юм уу юутай ч олон нийтийн сүлжээгээр түгээж бялууны сайдын бядуухан төрхөө гайхуулав. Сошиал медиад "од" болох гэсэн дэд сайдын жиргээг олон түмэн шүүмжилж байна. Хийх ажил хомстой, завтай цаг, залуу насаараа гоён буй гэж дэд сайдыг хэн ч харахгүй. Хэдийгээр тэр насаар залуу ч төр түшилцэж, салбар удирдаж буй сайдын хувьд ухаанаар уртхан байж, жиргэж нисгэх үгээ ч анхаарч байх ёстой хэмээн шүүмжилснийг буруутгах аргагүй. Тэгээд ч хүүхнүүдэд мөнгөөр үйлчилдэг байж мэдэхээр эл үйлдэл нь Э.Эрдэнэжамъян сайдыг хэн бэ гээд тодорхойлчих шиг боллоо.

 

 

     Өмнө нь экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг өмгөөлж "Интерпол"-д захиа бичихэд нь олон түмэн бүгдээрээ биш ч цөөнгүй хэсэг нь түүнийг үзэл бодолдоо үнэнч овоо зоригтой залуу юм хэмээн сэмхэн сайшааж байсан нь үнэн. Түүнээс өөр хийж гийгүүлсэн ажлаар хомсхон хоёр жилийг авч буй дэд сайд эцэст нь охид хүүхнүүдийн урхиар од болохоор шийдэж, олонд танигдах арга хэмээн эндүүрэв үү яав.

 

     Гэхдээ олон нийтийн сүлжээнд тэнэг жиргээ нисгэж түмэнд танигдах пиар хийдэг төрийн түшээ манайд нэг биш нэлээд хэд бий. Төрийн ажлыг твиттер, фэйсбүүкээр явуулдаг төрийн түшээд ч цөөнгүй. Сууж байгаа хурлынхаа мэдээллийг, хэлэлцэж байгаа асуудлынхаа талаар твиттер, фэйсбүүкээр цацахдаа өөрийгөө ажил хийж байна хэмээн сонгогчдыг "хошгируулна". Гэхдээ яг үнэндээ энэ үйлдэл нь тэднийг ажлаа хийгээд байна уу гэдгийг батлах нотолгоо болж чадахгүй. Жиргэж наадаад буй тэд хэлэлцэж буй асуудалд ухаанаа бүрэн зориулаад зөв шийдвэр гаргаж чадна гэдэг юу л бол. УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл улс орны эдийн засагтай холбоотой олон асуудлыг хэлэлцэж байхад тоосон ч шинжгүй "ойрд хүүхэндээгүй" хэмээн жиргэж байсан. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин ч мөн болсон болоогүй асуудлуулыг ил болгон жиргэх дуртай нэгэн.

 

     Твиттерт хэлэлцүүлэг өрнүүлээд төрийн бодлого тодорхойлчих гээд байдаг нь түүний бас нэг араншин. Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын албаа өгч сул гишүүн болсон Х.Баттулга ч мөн л завгүй жиргээчин. Тэрбээр сүүлийн үед өөрт нь таалагдахгүй байгаа Ерөнхий сайдын алдаатай үгсийг андалгүй поостолдог хообийтой болсон байна билээ. Архаг улстөрчдийг дагаад болсон болоогүй юу ч хамаагүйн жиргээд байвал хурдан томорч бор шувуу болно хэмээн эндүүрсэн Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян хөөрхий.