О.Цогтгэрэл: Манай улсад халамжаас илүү татаасын эдийн засаг бий болсон
2022/10/10
УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, мэдээлэл хийлээ.
Тус намын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Халамж гэдэг зүйл улс орны хөгжил дэвшлийг хойш нь татлаа. Гэхдээ энэ нь муухай зүйл биш. Харин зорилтот эзэндээ очиж байна уу гэдэгт анхаарах нь чухал.
Халамжаас дутуугүй эдийн засгийг гажуудуулж буй яригддаггүй нэг зүйл байна. Монголын эдийн засагт татаас гэж нуугдмал зүйл явж иржээ.
Хүүхдийн мөнгийг оролцуулахгүйгээр 590 тэрбум төгрөгийн халамж байна. Харин олон янзын татаас бүгд нийлээд 985 тэрбум төгрөгт хүрлээ. Халамжаас 50 хувь илүү мөнгийг татаас хэлбэрээр төрөөс аж ахуйн нэгжүүдэд өгч байна. Ийм том дүнтэйгээр төрөөс аж ахуй бизнес гээд олон зүйлд оролцож буй тэгш бус байдлыг бий болгож байна. Энэ бол төрөөс аж ахуйн нэгжээ ялгаварлаж буй хэрэг. Хэн хөнгөлөлт чөлөөлөлт авч буй нь тодорхойгүй. Тэгэхээр ерөнхий сайдаас асуулга асууж байгаа.
Ямар зүйлд татаас олгох ёстойг үзэл баримтлалын хувьд тогтмоор байна. Халамжаас илүү татаасын эдийн засаг манай улсад бий болсон. Даргын бизнес татаастай ард түмнийх нь дарамттай байгаа юм биш биз? Асуулга ирэхээс өмнө иргэний нийгмийн байгууллагууд, мэргэжлийн хүмүүсийг оролцуулан энэ долоо хоногтоо хэлэлцүүлэг хийнэ" гэлээ.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Манай улсад сүүлийн зургаан жил эдийн засгийн буруу бодлого явагдаж байна. Иргэн, аж ахуйн нэгж бизнес хийх ямар ч сонирхолгүй болсон. Ингэж өр зээлд баригдаж байхаас байгаа зүйлээ зараад гадаад гарч байна. Энэ нь эдийн засагт хохирол авчирч байгаа юм. Яагаад гэвэл төр хамгийн сайн бизнесүүдийг булааж, хувийн хэвшилтэйгээ өрсөлддөг.
Хүнд суртал арай дэндсэн байна. Ханшийн өсөлт хувийн хэвшилд хүндээр нөлөөлж байгаа. Хүмүүс ажил хийх сонирхолгүй болж, халамжаас шалтгаалж эдийн засгаа сүйрүүлж байна.
Өмнөх онд 5.3 их наяд төгрөгийн ямар ч шаардлагагүй хөрөнгө оруулалт хийсэн" гэсэн юм.