УИХ-ын гишүүн Н.Номтойбаяртай холбоотой “Хар мэдээлэл” үе, үе гардаг. Нэгэн цагт үй зайгүй нөхөд явж, бие хамгаалагчаар нь хүртэл ажиллаж байсан гэх “Мунзуй” хочит Г.Нямдоржтой тэрбээр хутга шөвөгний хэргээс болж түнжин хагарахад хүрсэн.

Анх энэ хэргийн тухай мэдээ олны сонорт хүрч эхлэхэд Н.Номтойбаяр гишүүн “Би энэ хүнийг огт танихгүй” хэмээн гүрийсэн ч “Мунзуй” Г.Нямдорж “Одоо байтлаа намайг танихгүй, мэдэхгүй гэж жүжиглэх нь. Би бол Н.Номтойбаярын хамаг муу муухайг ёстой хүүрнэн өгүүлнэ дээ. Н.Номтойбаяр намайг гүтгэх тусам би шинэ, шинэ мэдээлэл дэлгэх болно” хэмээн хэвлэлүүдэд хэд, хэдэн удаа ярилцлага өгч байлаа. 

Харин дараа нь “Мунзуй” Г.Нямдорж мөрийтэй тоглосон, машинаас нь хар тамхины төрлийн бодис олдсон гэх хэрэгт холбогдон Ганц худагт хоригдож байхдаа буюу энэ оны дөрөвдүгээр сард захидал бичиж ирүүлэхдээ “Миний бие худал хуурмагийн золиос болоод 461 дүгээр хорих ангийн А-2-8 тоотод хоригдож байхдаа сонин, сэтгүүл үзэх юм.

Тэр болгонд Муур багш, хулгайч, худалч, дээрэмчин, эхээс төрөхдөө адгийн шаар байсан л гэх холгүй юм бичээд байна. Би муу хүн байж болно. Гэхдээ надаас долоон дор амьтан УИХ-ын танхимд “Муур багш” царайлаад сууж байгааг хэлэх гэж хэвлэлд хандлаа. 

Намайг Ганбаатарын Нямдорж гэдэг. Дөчин мянгатад хүн болж өссөн гэхэд болно. Багаасаа өнчирч, хатуу ширүүн амьдарлыг өөрийн зориг зүрхээр туулж ирсэн. Надад алдсан алдаа бий. Гэхдээ түмэн олны өмнө хийсэн алдаа байхгүй. Харин өөрөө өөрийгөө шорон руу чирсэн алдаа бий. Миний бие дунд сургуулиа дүүргэлгүй хүүхэдтэй болж АНУ руу зугтааж байсангүй. АНУ-д хүн зодож, хар тамга даруулж байсангүй. Миний бие бага насны охидоор зугаагаа гаргаж нүүр амыг нь хазаж сэглэж байсангүй. Би намынхаа залуустай цуг нийлж хүчингийн гэмт хэрэг хийж байсангүй. Хүчиндсэн хүүхэндээ нүүрс өгч амыг нь таглаж байсангүй. Нисдэг тэргээр зугаацаж, ан амьтан, нялх бамбаруушийг эхтэй нь цуг хүйс тэмтэрч байсангүй. Нэр алдартай улстөрч, бизнесмэний хүүхдэд атаархаж зодож нүдэж, толгой дээр нь шээж байсангүй. Бугын зуулт гэдэг хачин зүйл хүртэл хармаалж, эмэгтэй хүнийг тарчлааж байсангүй. Намын дарга нараа хэдэн тэрбумаар нь хахуульдаж, сайд дарга болж байсангүй. Гурван жилийн дотор Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн болж явсангүй. Миний бие олон зүйлийг чадахгүй нь үнэн. Хүний амьдралаар тоглож чадахгүй. Харин өөрийнхөө амьдралаар бол тоглоод байж чадна. Улаан цайм худал хэлж чадахгүй. Нэг танхимд тохой залган суугаа О.Содбилэг, Д.Сумъяабазар нарын талаар муухай зүйл бодож ч чадахгүй” гэж дурдсан байлаа.

Тэгвэл “Мунзуй” хочит Г.Нямдорж Ганцхудагаас гэртээ эргэн иржээ. Тэр тусмаа анд найз Н.Номтойбаяртайгаа эвлэрсэн гэх мэдээлэл байна. Харин хэн тэднийг эвлэрүүлэв, яагаад тэр билээ гэдэг асуулт гарч ирлээ. Нэг ёсондоо, Н.Номтойбаяр Г.Нямдоржийн нэхээд байгаа нэг тэрбум төгрөгийг өгсөн үү, аль эсвэл найзыгаа өрөвдсөн үү ямар ч байсан хутга шөвөгний хэргээс үүдэлтэй хэрүүл ингэсхийгээд намжих бололтой. 

Л.Лодой