ХАРИАД ОВОГТОЙ ЦЭРЭНСОДНОМЫН ГАНБАТ

(1957-2022)

 

Монгол Улсын Их Хурлын гишүүн асан, философийн шинжлэх ухааны доктор Хариад овогтой Цэрэнсодномын Ганбат 2022 оны аравдугаар сарын 24-нд хүнд өвчний улмаас таалал төгссөнд хань, үр хүүхэд, төрөл төрөгсөд, анд нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

 

Ц.Ганбат 1957 оны тавдугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод төрж, 1975 онд нийслэлийн 23 дугаар дунд сургууль, 1980 онд МУИС-ийн Хэл бичгийн факультетыг англи хэлний орчуулагч, багш мэргэжлээр төгсжээ. Тэрбээр 1988-1991 онд Москва хотын Нийгмийн шинжлэх ухааны академид “Шинэчлэлийн үе дэх Монголын нийгмийн улс төрийн соёл” сэдвээр философийн ухааны докторын зэрэг хамгаалсан юм.

 

Ц.Ганбат нь 1980-1984 онд МАХН-ын Төв хорооны Үзэл суртлын хэлтэс, Гадаад харилцааны хэлтэст туслах ажилтан, 1984-1988 онд МАХН-ын Төв хорооны Ерөнхий хэлтэст Төв хорооны нарийн бичгийн даргын туслах, 1991-1992 онд “Бодрол бясалгал” сэтгүүлийн нарийн бичгийн дарга, 1992-1996 онд Улсын Их Хурлын гишүүн, 1996-2011 онд Монгол Ардын Намын дэргэдэх “Үнэн” сонины Ерөнхий эрхлэгч, 2011-2013 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөхөөр ажиллаж байв.

 

Тэрбээр Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийн дагуу байгуулагдсан анхны Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллахдаа парламентат ёсны тогтолцоог төлөвшүүлэх, Монгол Улсын нийгэм, эдийн засаг, улс төрийн харилцааг шинээр зохицуулсан суурь хуулиудыг боловсруулах, хэлэлцэн батлах, Монгол төрийн албаны шинэчлэлийг эхлүүлэх, малчдыг албан журмын даатгалд хамруулах зохицуулалтыг Нийгмийн даатгалын ерөнхий хуульд тусгуулахад оюун ухаанаа дайчлан ажилласан төрийн түшээ, хууль тогтоогч байлаа.

 

Монгол эх орныхоо хөгжил дэвшил, төр, нийгэм, улс төрийн тогтолцооны шинэчлэлийн үйл хэрэгт оруулсан түүний хөдөлмөр зүтгэлийг төр, засгаас өндрөөр үнэлж Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ.

Ц.Ганбатын шинийг эрэлхийлэгч, соён гэгээрүүлэгч, манлайлагч үйл хэрэг, шударга, нөхөрсөг, зарчимч зан чанар бидний сэтгэл зүрхэнд үүрд үлдэх болно.

 

У.ХҮРЭЛСҮХ, Г.ЗАНДАНШАТАР, Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Ц.МӨНХ-ОРГИЛ, Д.ЦОГТБААТАР, Ц.МӨНХЦЭЦЭГ, Д.АМАРБАЯСГАЛАН, Ж.БАТБАЯСГАЛАН, Д.СУМЪЯАБАЗАР, Д.ЛҮНДЭЭЖАНЦАН