ЭСЯ: Итэвонд нас барсан хүмүүсийн дунд одоогийн байдлаар Монгол Улсын иргэн байхгүйг цагдаагийн газраас мэдэгдсэн
2022/10/30
Сөүл хотын Итэвонд нас барсан иргэдийн дунд монгол иргэн байхгүй талаар БНСУ-ын Сөүл хот дахь Монгол Улсын ЭСЯ-наас мэдээллээ.
Тус ЭСЯ-ны мэдээлснээр БНСУ-ын Сөүл хотын Юнсан дүүргийн Итэвон хороонд 2022 оны аравдугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө болсон ослын улмаас одоогийн байдлаар 151 хүн нас барсан байна.
"Суугаа орны холбогдох төрийн байгууллагууд ослын шалтгаан, нас барагсдын хувийн байдлыг тогтоохоор ажиллаж байна.
2022 оны аравдугаар дугаар сарын 30-ны өдрийн 09:55 цагийн байдлаар нас барсан иргэдийн дунд Монгол Улсын иргэн байхгүй гэж холбогдох цагдаагийн газраас бидэнд мэдэгдээд байна" гээд осолд өртөж, ар гэртэйгээ холбоо тасарсан тохиолдолд иргэд ЭСЯ-ны шуурхай утас 010-8205-3464 дугаарт холбогдохыг анхааруулав.