АН-ын ҮБХ-ы гишүүн, НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат АН-ын дарга асан С.Эрдэнэтэй холбоотой байр сууриа нийгмийн сүлжээгээр дамжуулан илэрхийлжээ.

Тодруулбал тэрээр: “С.Эрдэнэ гуай та одоо болиоч ээ. АН-ыг зарж, өөрийгөө үнэд хүргэчих гээд гүйгээд байх юм. Ямар ичдэггүй юм бэ? Би өчнөөн тэрбум төгрөг АН-ын төлөө гаргасан гээд яриад явдаг юм гэсэн. Тэгээд одоо С.Эрдэнээс АН-ыг худалдаж авсан хүн чинь дараа нь зардлаа нөхөж авах юм уу?  Ашиг хийх гээд явах юм уу? Боль л доо, энэ балиар юмаа.  Үндэсний хэмжээний том намын дарга гэдэг бол сайхан үлгэр дууриалалтай, дүрмийг сахиулсан, өндөр ёс зүйтэй лидер, сайхан хүн байх ёстой. Гэтэл С.Эрдэнийн хувьд бүх юм нь эсрэгээрээ.

 

С.Эрдэнийн залуучуудад харуулж үлгэрлэж байгаа зүйл нь юу вэ? Архидалт, завхайрал, намыг ашиглаж мөнгө төгрөг олох, дүрмийг уландаа гишгэх, дангаараа ноёрхох.

 

Юун ардчилал. Хэрэв С.Эрдэнэ намыг зараад явах юм бол энэ өв нь АН-ыг хожим булшилна. Энэ нам наймааны, тоглоомын хэрэгсэл болно. Тийм учраас АН-ыг мөнгөөр зарах санаархлыг чинь би тас цохино шүү. Энэ олон хүмүүсийн итгэл үнэмшлийг зараад наймаа болгоно гэж байхгүй шүү. Би УИХ-ын 2020 оны сонгуулийн дараа Женко, Ц.Туваан нар намыг авах гээд асуудал болсон үед, дөнгөж хуваагдаад хоёр тамгатай болох үед С.Эрдэнэ гуайтай уулзаж байсан. Тэр үед би Женкогоос намаа хамгаалах чиглэлд хамт явахад бэлэн байна гэдгээ хэлсэн. Энэ үеэрээ нэг зүйл асуусан. УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвших дэнчингийн 100 сая төгрөгний асуудлыг хөндсөн. Гэтэл С.Эрдэнэ: “ Тулгатаа, чиний тойргийг булаадаг бол З.Энхболд, Д.Пүрэвдаваа нарын хийсэн ажил. Улс төрд угаасаа мөнгөний эрсдэл гардаг. Алдвал алддаг юм” гэж хэлсэн. Би ч тийм юмдаа гэж тухайн үед бодсон.  Яг энэ зарчмаар С.Эрдэнэ гуайд хэлье.  Ер нь энэ том намын дарга гээд явж байгаа юм бол мөнгө, гэр бүл, бүх л юмаа зориулах ёстой. Гэтэл одоо С.Эрдэнэ нэг л ялархсан хүн болж. Би л Женко гэдэг мангасаас намаа хамгаалсан гэж ярьсан хүн. Болиорой.  Ер нь бол хэрээ хэрээнийхээ харыг гайхав гэгчийн л үлгэр болсон шүү. 

 

Та нар нийлж байгаад АН-ыг ийм болгосон.

 

Яг үнэндээ Женко ганцаараа энэ намыг хагалсан, сүйрүүлчихсэн юм байхгүй.

 

С.Эрдэнэ УИХ-ын 2020 оны сонгуульд АН-ыг  тултал ялагдуулсан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд өөрөө нэр дэвшээд, гутамшигтай ялагдсан, нөхөн сонгуулиудад ч ялагдсан. Менежмент хийж байх чинь яасан юм бэ? Одоо зайлаачээ, давраад байгаарай. Нэг хэсэг би энэ талд баг болоод явсан нь үнэн. Гэхдээ одоо тэр цаг дууссан шүү.  Одоо бүр чавганцын яриа шиг юм яриад суудаг болж. Миний хүсэл мөрөөдөл, итгэл үнэмшил болсон намын дээр нэг хачин юм зайдалж суучихаад зайлахгүй явж байна.

 

Одоо бүх юм чинь дууссан шүү, С.Эрдэнээ.  Шүүх, хуулийн байгууллагаар таны асуудал явж байгаа. Одоо эрүүл мэндээ бодоод,  даралтаа өндөр болгочихгүйхэн шиг л явж бай. Би хэзээ ч ахмад үеэ зайл гэдэг хүн биш. 50, 60 нас тийм ахмад нас ч биш. Харин дүрмийн дээгүүр алхдаг, ганцаар эзэгнэн захирах гэдэг С.Эрдэнэ гэдэг шуналын туламд зайлаарай гэж хэлье. АН-ын төлөө мөнгө төгрөг гаргасан бол түүнийг март. Гэхдээ яг үнэндээ намаас олсон чинь их байх. Монголын хамгийн баян хүмүүсийн л нэг болсон, одоо хангалттай“ гэсэн байна.

 

Э.Сүрэн

sonin.mn