Х.Нямбаатар: Э.Одбаяр нарыг үзэл бодлоо илэрхийллээ хэмээн шүүхээс яллаагүй гэдгийг залруулъя
2022/11/09
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Э.Одбаяр, Ц.Чинбат, Л.Ганхөлөг, Б.Бямбагэрэл, Б.Билгүүн нарын зорчих эрхийг хязгаарласан шийдвэр гаргасан юм.
Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар дараах тайлбарыг өглөө:
-Үзэл бодлоо илэрхийлсэн иргэдэд Ерөнхий сайд шүүхэд нөлөөлөн, ял өглөө гэж зарим хүн буруу ойлгож байна. Болсон үйл явдлыг дахин хэлье. Дорнод аймгийн Чойбалсан суманд иргэн С-ийг авто машинаар дайрч буй бичлэгийг цахим сүлжээнд байршуулсан юм. Ерөнхий сайдын хамаарал бүхий этгээд иргэн С-ийг мөргөөд, тусламж үзүүлэлгүй, хэргийн газраа явсан гэх тайлбартай байв. Энэ мэдэгдлийг ДЭМОС гэх хаягнаас цацсан. Энэ үйлдлийн урхаг их тул шалгасан. Энэ бол Ерөнхий сайдын нэр хүндэд халдсан үйлдэл.
Дараа нь иргэн Монголхүүг таслан сэргийлэх үйл ажиллагааг дээрх 5 иргэн эсэргүүцэн, хууль сахиулагчдыг эсэргүүцсэн, биед нь халдсан юм.
Энэ хоёр үйлдлийг хамтад нь хэлэлцээд шүүхээс зорчих эрхийг нь хязгаарласан ял оноожээ. Түүнээс үзэл бодлоо илэрхийлсний улмаас энэ ялыг өгөөгүй гэдгийг би залруулах хүсэлтэй байна гэв.
Түүнээс сэтгүүлчид "Жаст"-ын Ш.Батхүүгийн хэрэг шийдвэрлэлтийн талаар асууж тодруулав.
Тэрбээр хариулт болгож, "Мөрдөн шалгах ажиллагаа удаан явагдсан. Өнөөдөр яг 9 жилийнхээ төгсгөл дээр шийдэгдэж байна. Өчигдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр үзэл бодлоо илэрхийлсэн Ш.Батхүү нарт 10 жилийн ял оноолоо гэж байна лээ. "Эрдэнэт үйлдвэр"-ийг барьцаанд тавьж Стандарт банкнаас зээл авсан асуудал юм. Дээд шүүхийн хэвлэл мэдээллийн алба олон нийтийн анхаарал татсан, эргэлзээ төрүүлсэн асуудлаар мэдээлэл өгдөг байх ёстой. 2021 онд батлагдсан "Шүүхийн тухай хууль"-иар төрийн нууцад, хувь хүний нууцад хамаарахаас бусад хэргүүдийн шүүх хурлыг нээлттэй явуулдаг байх заалт хэрэгжихгүй байна" хэмээлээ.
5 · 2022/11/09
зөв