Д.Ганбат: Өнөөдөр хоёр иргэн тутмын нэг нь ядуу болчихсон байхад арга хэмжээ авч байгаа юм алга
2022/11/10
УИХ-ын гишүүн Д.Ганбат болон Ардчилсан Намын удирдлагууд өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Сүүлийн хэдэн жил Монгол Улсын төсөв алдагдалтай байсан. Энэ байдал 2023 онд ч үргэлжилж, ачааны хүндийг иргэд үүрэхээр байна. Эрх баригчид найрласан төсөв дээрээ байх нь.
Сүүлийн 4-7 жилд музей, угтах хаалга, хөшөөг барьж байгуулсан. Энэ нь тэвчиж болох зардал байсан юм.
Монгол Улс 2023 онд хэзээ ч байгаагүй 20 их наядын зардалтай төсөв баталж байгаа. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга гарч ирээд нэг доллар 1,700 боодол нэгттэй тэнцэж байна хэмээн харуулж байсныг та бүхэн санаж байгаа байх. Ам.долларын Монголбанкны албан ханш 3,400 буюу хоёр дахин нэмэгдчихсэн.
Өнөөдөр хоёр иргэн тутмын нэг нь ядуу болчихсон байхад арга хэмжээ авч байгаа юм алга. 2023 онд Монгол Улсын иргэдийн амьдрал сайжрахгүй нь тодорхой боллоо.
Үүнээс гадна маш их мөнгө зарцуулсан, алдагдалтай ажилладаг төрийн өмчит компаниуд төсөвт байгааг АН эсэргүүцэж байна.
АН-аас үнийн өсөлтийг багасгах, ам, долларын ханшийг буулгах, ажилгүйдлийг бууруулах шаардлагыг тавьсан.
МҮЭ өнгөрсөн долоо хоногт гарч ирж үзэл бодлоо илэрхийлж, үгээ хэлсэн. Гэхдээ анхан шатны төрийн албан хаагчдын цалинг 50% нэмье гэж буй ч 100% нэмэх ёстой. Энэ шаардлагынхаа төлөө тууштай тэмцэх хэрэгтэй.
Монгол Улсын төсвийг батлахад 4-5 хоног үлдсэн. Энэ хугацаанд төсвийг татан авч, дахин боловсруулах шаардлагыг тавьж байна" гэв.
Нийслэлийн АН-ын дэд дарга А.Цэрэнбат "АН-аас тавьсан таван шаардлагыг хэрэгжүүлэхгүй бол УИХ-ын дарга Г.Занданшатар, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Сангийн сайд Б.Жавхлан, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, ЦЕГ-ын дарга Ж.Болд нарыг чөлөөл гэсэн. Шаардлагын хариуг ирэх Даваа гарагт авах ёстой. Энэ өдөр өгөхгүй бол 11 дүгээр сарын 14-нд бүх нийтийн ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдсэн.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Амарбаясгалан ЗГХЭГ-ын даргын ажлыг давхар хийгээд явж байгаа нь Үндсэн хууль зөрчсөн үйл ажиллагаа гэж үзэж байна" хэмээн ярилаа.