КОВИД-19-ийн тохиолдлын тоо өмнөх долоо хоногоос ХОЁР ДАХИН нэмэгдсэн
2022/11/11
КОВИД-19-ийн нөхцөл байдлын талаар Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв(ХӨСҮТ)-өөс өнөөдөр мэдээлэв.
ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа "Оны 44 дүгээр долоо хоногт КОВИД-19-ийн 700 гаруй тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногоосоо хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт. Мөн PCR шинжилгээнд эерэг эзлэх хувь хоёр дахин нэмэгдэж, таван хувьд хүрсэн.
Тархалтын түвшинг улсын хэмжээнд авч үзвэл "Ногоон" байгаа ч цөөн хэдэн аймагт "Шар" болсон" гэв.
Түүнчлэн тэрбээр коронавирусийн хувилбарын тандалтын талаар "48 сорьцод хувилбарын тандалт хийхэд 37 сорьцод Омикроны ВА.5.2 хувилбар илэрсэн. Мөн нэг сорьцод BF.1, таван хүнд BQ.1.2 хувилбар илрээд байна.
BF.1, BF.7, BQ.1.2 нь манай улсад өмнө нь бүртгэгдэж байгаагүй Омикроны шинэ хувилбарууд юм. Дэлхий нийтийн нөхцөл байдлыг авч үзвэл BF.7 нь 80 орчим улсад, BQ.1 нь 50 улсад бүртгэгдсэн.
Омикроны BA5.1, BA5.2 нь бүртгэгдэж буй тохиолдлуудын 50 орчим хувийг эзэлж байна. Одоогоор BF.7, BQ.1.2 нь бага хувьтай илэрч байгаа ч халдварлах чадвар өндөртэй тул олон нийтийн газарт амны хаалтаа тогтмол зүүх хэрэгтэй.
Мөн супермаркетын ажилтнууд, таксины жолооч, банкны теллер зэрэг дотор орчинд олон хүнтэй харилцдаг ажилтай хүмүүс амны хаалтаа тогтмол зүүх шаардлагатай" хэмээлээ.