Нийслэлийн Налайх дүүрэгт нэг сургуулийн 19 хүүхэд хоолны хордлогод орж эмнэлэгт хүргэгдсэн. Тандалтын баг шинжилгээ хийж байгааг ХӨСҮТ мэдээлсэн.

Үүнээс гадна онцгой байдлын болон цагдаа, мэргэжлийн хяналт, эрүүл мэндийн яамны баг хордлого юунаас болсныг тогтоохоор ажиллаж, нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөв.

Онцгой байдлын байгууллагаас сургуулийн орчинд цацрагийн хэмжилт хийхэд хэвийн хэмжээнд байсан. Сурагчдын ширээ сандалд хэмжилт хийхэд химийн хорт бодис, цацрагийн төрлийн туяа илрээгүйг мэдээлэв.

Урьдчилсан байдлаар шавж устгалын бодист байдаг хөнгөнцагааны фосфатаас гаралтай байж болзошгүй. Хүүхдүүдийн цусны шинжилгээний хариу өнөөдөр орой гарахыг эрүүл мэндийн салбарын төлөөлөл хэллээ.

Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн эмч "Хордлогын улмаас Налайх дүүргийн эрүүл мэндийн төвд 3, ЭХЭМҮТ-д 4 гээд эмчлэгдэж байгаа нийт 7 хүүхэд эмчлүүлж байна. Хүүхдүүдийн биеийн байдал сайжирсан. ЭХЭМҮТ-д эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байсан дөрвөн хүүхэд энгийн тасаг руу шилжсэн. Дүүргийн эрүүл мэндийн төвд эмчлүүлж байгаа хоёр хүүхэд эрчимт эмчилгээний тасагт байсныг хажуугийн тасаг руу шилжүүлсэн. Хүүхдэд толгой өвдөх зовуурьтай байгаа" гэв.