Үндэсний статистикийн хороо "Статистикийн тухай" Монгол Улсын хуульд заасны дагуу “Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа-2013”-ыг Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-ын Хүүхдийн Сан, Хүн амын сангийн санхүүжилтээр анх удаа амжилттай зохион байгуулжээ. Энэ сарын 05-ны өдөр урьдчилсан үр дүнгээ танилцуулсан юм.

Уг судалгааны гол зорилго нь Монгол Улсын хүүхэд, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсрол, хөгжил, хамгаалал, аж байдал, тэдний эрхийн хэрэгжилт болон эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлт, ХДХВ, ДОХ-ын талаарх мэдлэг, хандлага, бэлгийн зан үйлийн талаарх статистик тоо мэдээллийг гаргах аж.

Энэхүү судалгаа нь өрхөд суурилан хийгддэг “Хүүхэд хөгжил”, “Нөхөн үржихүйн эрүүл мэнд”, “Хүн ам зүй, эрүүл мэнд” гэсэн олон улсын түвшинд тус тусдаа хийгддэг гурван томоохон хэмжээний судалгааг нэгтгэж явуулдаг байна.

Монгол Улсын нийт өрхийг төлөөлөхүйц 15500 өрх бүхий улсын хэмжээний хамгийн том түүвэртэй ашигласан, сүүлийн үеийн дэвшилтэт технологи болох таблетийг статистикийн салбарт анх удаа нэвтрүүлснээрээ онцлогтой юм.

Хүүхэд хөгжилд хийсэн судалгааг танилцуулахад,

                                                                      -Хүүхдийн хоол тэжээл-

Хүүхдийг 2 нас хүртэл насанд нь тохирсон тэжээллэг, чанартай, амин дэмээр баялаг хоол, хүнс өгөхийн зэрэгцээ эхийн сүүгээр хооллох хэрэгтэй. Хоол хүнсээр шимт бодис, бичил тэжээлийг зохих хэмжээнд авснаар хүүхэд бие бялдар, өсөлт хөгжил, оюун санааны хувьд эрүүл өсөн торних эх суурь тавигддаг.

ДЭМБ-аас хүүхдийг 6 сар хүртэл эхийн сүүгээр дагнан хооллож, 6 сартайгаа аажмаар зохистой нэмэгдэл хоолонд оруулж, улмаар 2 нас хүртэл нь эхийн сүүгээр үргэлжлүүлэн хооллохыг зөвлөдөг билээ. Нэмэгдэл хоол өгөх давтамжийг хүүхдийн нас болон эхийн сүүгээр хооллож байгаа эсэхтэй уялдуулан нэмэгдүүлдэг. Тодруулбал, эхийн сүүгээр хооллож байгаа 6-8 сартай хүүхдэд өдөрт хамгийн багадаа 2 удаа, 9-23 сартай хүүхдэд 3 удаа нэмэгдэл хоол өгөхийг, эхийн сүүгээр хооллодоггүй 6-23 сартай хүүхдэд сүү (эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүн, малын сүү, лаазалсан, савласан эсвэл хуурай сүү, тараг) болон нэмэгдэл хоолыг  4 удаа өгөхийг зөвлөдөг юм.

Судалгаагаар 0-5 сартай 10 хүүхэд тутмын ердөө 5 нь эхийн сүүгээр дагнан хооллож, 6-8 сартай 10 хүүхэд тутмын 9 нь нэмэгдэл хоолонд зохих хугацаанд орж, 0-23 сартай 10 хүүхэд тутмын 7 нь насандаа тохирсон байдлаар эхийн сүүгээр хооллож байна гэсэн үр дүн гарсан байна. Үүнээс гадна хүүхдэд өгч буй нэмэгдэл хоол зохих давтамжиндаа хүрэхгүй тохиолдол маш түгээмэл байгаа нь 0-23 сартай 10 хүүхэд тутмын дөнгөж 3 нь өдөрт идвэл зохих давтамжийн дагуу нэмэгдэл хоол идэж байна гэж уг судалгаагаар гарчээ.

Хүүхэд 5 хүртэлх насандаа хоол тэжээлийн эмгэгийн нэг хэлбэр болох уураг илчлэгийн дуталд орох магадлал өндөр байдаг. Хүүхдийн хоол тэжээлийн байдал сайжирч байгаа хэдий ч 5 хүртэлх насны хүүхдүүд уураг илчлэгийн дуталд орох явдал манай оронд байсаар байгаа нь 10 хүүхэд тутмын 1 өсөлт хоцролттой буюу насандаа тохирохгүй намхан байгаагаас харагдаж байна.

                                                          -Хүүхдийн эрүүл мэнд-

5 хүртэлх насны хүүхдийн хувьд хамгийн их эрсдэл дагуулдаг аюултай өвчнүүдийн тоонд уушгины хатгалгаа болон суулгалт өвчнүүд зүй ёсоор ордог аж. Хүүхдийг өвдөхөөс урьдчилан сэргийлэх, өвдсөн тохиолдолд зохих арга хэмжээ авч, зөв үр дүнтэй эмчилгээ хийх нь өвчнийг хүндрүүлэхгүй байх шаардлагатай гэдгийг эмч нар зөвлөдөг.

Улмаар эрүүл мэнд, өсөлт хөгжил, амь насанд нь учирч болох эрсдэлийг бууруулахад чухал хүчин зүйл болдог билээ.

Улсын хэмжээнд судалгаанд хамрагдсан 5 хүртэлх насны нийт хүүхдийн 4 хувь нь судалгаанаас өмнөх 14 хоногийн хугацаанд уушгины хатгалгаа өвчнөөр өвдсөн байж болзошгүй байна. Уушгины хатгалгаа өвчний шинж тэмдэг илэрсэн хүүхдүүдийн 70 хувийнх нь эх мэргэжлийн эмчид хандсан бол 63 хувьд нь антибиотик эмчилгээ хийсэн гэсэн судалгаа гарчээ.

5 хүртэлх насны нийт хүүхдийн 8 хувь нь судалгаанаас өмнөх 14 хоногийн хугацаанд суулгалт өвчнөөр өвдсөн байна. Суулгалт өвчний үед шингэн сэлбэх эмчилгээний зэрэгцээ хоолыг үргэлжлүүлэн өгөхийг зөвлөдөг бөгөөд шингэн сэлбэх эмчилгээнд үйлдвэрийн аргаар эсвэл гэрийн нөхцөлд бэлтгэсэн шингэн сэлбэх уусмал буюу хоросолыг өгөх эсвэл шингэн зүйлийг ердийн хэмжээнээс илүү өгөхийг ойлгоно. Судалгаанаас өмнөх 14 хоногийн хугацаанд суулгалт өвчнөөр өвдсөн 5 хүртэлх насны нийт хүүхдийн 44 хувийг зөвлөмжийн дагуу эмчилжээ.

                                                                 -Хүүхдийн хөгжил-

Хүүхдийн амьдралын эхний 3-4 жил нь тэдний оюун ухааны хөгжлийн хамгийн оргил үе гэж үздэг. Тиймээс энэ үед аливаа зүйлийг танин мэдэхэд эцэг эх, гэр бүлийн гишүүд дэмжлэг үзүүлдэг байх нь хүүхдийн хөгжлийг тодорхойлох чухал хүчин зүйл болдог.

Монгол улсад 3-4 насны хүүхдийн хөгжлийн индексийг 2010 онд анх удаа Олон улсын арга зүйн дагуу тооцоход 88 хувь гарсан бол энэ удаагийн судалгаагаар 76 гарсан гэж үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

 

Х.Даваа