Нэр дэвшигчийг шалгаруулалтад тэнцүүлэхээр ХЭЛТСИЙН ДАРГЫГ ӨӨРЧИЛЖЭЭ
2022/12/02
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд Шүүхийн тухай хуулийг шинэчлэн баталсан.
Шинэчлэгдсэн хуулиар Шүүхүүдэд гарсан сул орон тоонд шүүгчдийн дунд сонгон шалгаруулалт зарлаж, хамгийн өндөр оноо авсан шүүгчдийг УИХ-д танилцуулж, Ерөнхийлөгч томилохоор заажээ.
Энэ дагуу өнгөрсөн долоодугаар сард Шүүхүүдийн сул орон тоог нөхөхөөр Шүүхийн ерөнхий зөвлөл (ШЕЗ)-өөс сонгон шалгаруулалт зарлаж, нийлбэр оноогоор тэргүүлсэн найман шүүгчийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болсон гэдгээ ШЕЗ-өөс зарласан.
Гэвч дээрх сонгон шалгаруулалт, ялангуяа Улсын дээд шүүхийн шүүгчийн шалгаруулалтад эрх мэдэлтнүүдийн “лобби” орж, өөрсдийн хүнийг нэр дэвшүүлэн, сонгосон гэдэг мэдээлэл олны анхаарал татсаар ирсэн юм.
Тодруулбал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам өөрийн хүүгийн найз болох Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэнг нэр дэвшүүлж, сонгон шалгаруулалтад тэнцүүлэхийн тулд Шалгалт авах хэлтсийн даргыг өөрчилсөн гэдэг мэдээлэл өнөөдрийн /2022.12.02/ УИХ-ын чуулганы үеэр яригдлаа.
Харин ШЕЗ-ийн дарга Д.Зүмбэрэллхамын зүгээс дээрх мэдээллийг үгүйсгэсэн тайлбарыг өгч байгаа ч тэдний хамаарлын талаар бид өмнөх нийтлэлээрээ хүргэсэн билээ.
Эргэн сануулахад, Д.Зүмбэрэллхам болон М.Пүрэвсүрэн нарын хамаарал Дундговь аймгийн шүүгч асан, талийгаач З.Ш-ээр холбогддог. Шүүгчийн сонгон шалгаруулалтын үеэр нэр дэвшигч М.Пүрэвсүрэн нь ШЕЗ-ийн дарга Д.Зүмбэрэллхамын хүү З.Ш-тэй хамт байхдаа архидан согтуурч, улмаар Д.Зүмбэрэллхамын хүү амь насаа алдсан байдаг.
Ийнхүү шударга бусаар явагдсан байж болзошгүй энэ сонгон шалгаруулалтын дүнд олон нийт эргэлзэж байгаа ч өнгөрөгч долоо хоногт Хууль зүйн байнгын хороогоор танилцуулагдаж, өнөөдөр УИХ-ын чуулганаар орж Улсын дээд шүүх “Хонгилын шүүгч”-тэй болох боломж бүрдлээ.
Б.Гантуяа
Эх сурвалж: www.Zindaa.mn