НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит XVI хуралдаан болж, нийслэлийн 2023 оны төсвийг 67.4%-ийн саналаар баталлаа. Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар төсвийн төслөө танилцуулахдаа “Ирэх онд нэг их наяд 742.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлнэ.

Үүнээс нэг их наяд 549.9 тэрбум төгрөгийг татварын орлогоор, үлдэх орлогыг татварын бус орлогоор бүрдүүлнэ" гэж байв.

Тэгвэл уг төслийг хэлэлцэх явцад НИТХ дахь МАН-ын бүлгээс ирэх оны төсвөөс ₮10.6 тэрбумын зардлыг бууруулах саналыг гаргасан.

Тухайлбал, Сэлбэ гол төслийн ₮3.1 тэрбумын санхүүжилтийг эргүүлэн татах саналыг хэлэлцээд дэмжсэн юм. Сэлбэ гол төсөл санхүүжилтгүй болж байгаа тул төслийн нэгжийг татан буулгах албан тоотыг Сангийн яаманд хүргүүлэх аж.
Мөн Бодлогын судалгаа шинжилгээний газрын төсвийг ₮1.9 тэрбумаар, Сургалт, судалгаа олон нийттэй харилцах газрын төсвийг ₮2.8 тэрбумаар тус тус бууруулан төсөвт тусгалаа.

Түүнчлэн

  • Нийслэлийн ЗДТГ-ын үйл ажиллагааны зардалд 558.6 сая,
  • Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны үйл ажиллагааны зардалд 684.5 сая,
  • Боловсролын арга хэмжээнд 400 сая,
  • Эрүүл мэнд арга хэмжээнд 400 сая,
  • НИТХ-ын үйл ажиллагааны зардалд 1.2 тэрбум төгрөг,
  • Хэвлэл мэдээллийн зардалд 650 сая төгрөгийг төсөвлөх саналыг МАН-ын бүлэг гаргасныг дэмжсэн юм.