Нүүрсний хулгайтай холбоотойгоор эсэргүүцэл, бухимдлаа илэрхийлж байгаа иргэдийн жагсаалд "Эрдэнэс Тавантолгой" компани ажилчдаа албан ёсоор оролцуулахыг мэдэгдсэн цахим шуудангийн зураг олон нийтийн сүлжээнд гараад буй.

Тодруулбал "Чингисийн талбайд болж буй иргэдийн жагсаал, цуглаантай холбоотойгоор нэгжийн үйл ажиллагааг алагдуулахгүйгээр дотоод зохион байгуулалтыг ханган жагсаалд биечлэн оролцох хүсэлтэй ажилтнуудыг 15:00 цагт ажлаас тараах буюу 1 цаг 30 минутын цалинтай чөлөөг олгож болохыг мэдэгдье.

Нэгжийн үйл ажиллагааг ханган ажиллахыг холбогдох хэлтэс, нэгжийн удирдлагуудад анхааруулж байна. 

Хууль Ч.Мөнхбат" гэсэн агуулгатай тус компанийн лого бүхий мэйл таржээ.

зураг

 

Энэ талаар "Эрдэнэс Тавантолгой" компаниас тодруулахад "Манай ажилтан дур мэдэн мэйл явуулсныг бид залруулж байна" гэлээ. 

Тус компани энэ талаар дараах залруулгыг гаргаад байна. Үүнд:

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат компанийн зарим удирдлагуудын хамт Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь салбарт арванхоёрдугаар сарын 4-5-ны өдрүүдэд ажиллаж байгаа бөгөөд Хууль эрх зүйн газрын мэргэжилтэн өнөөдрийн жагсаал цуглаантай холбоотойгоор компанийн ажилтнуудыг ажлын цагаасаа эрт тарах утгатай буруу ташаа мэдээлэл агуулсан мэлийг ажилтнуудын албан мэйл хаягаар дур мэдэн илгээж, ташаа ойлголт төрүүллээ" гээд ажилчид хэвийн ажлаа гүйцэтгэж байгааг дурджээ. 

Засгийн газраас өнөөдөр өгсөн мэдээллээр нийт 385,000 тонн нүүрс хулгайлагдсан нь тогтоогдоод байгаа бөгөөд үүнд

  • "Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал асан Д.Ариунболд, Б.Ганхуяг, тус компанийн н.Отгонжаргал, н.Нурлат
  • Төмөр замтай холбоотойгоор “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргал, мөн компанитай холбоотой холбогдох албан тушаалын хүмүүс
  • Тээвэртэй холбоотой буюу хилээр нүүрс гаргаж байсан гэх зүйлтэй холбоотойгоор Гаалийн ахлах байцаагч н.Эрдэнэбаяр, Хил хамгаалах ерөнхий газрын Гашуунсухайт дахь төлөөлөгч, ажилтан н.Доржжүгдэр,  
  • Хил хамгаалах ерөнхий газрын ахлах н.Дэлгэрдалай нарын хүмүүс холбогдсон ба 10 гаруй эрүүгийн хэрэг үүсгээд байгааг мэдээлээд байна. 

Гэсэн ч иргэдийн тэмцэл төв талбайд үргэлжилсээр байгаа юм.