С.Эрдэнэ: С.Баярцогт намын дарга боллоо гэхэд үйлдлүүд нь нотлогдвол яах юм. Тэр цагт Ардчилсан нам дахиад л тарах болно шүү дээ
2022/12/09
УИХ-ын гишүүн асан, АН-ын дарга С.Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Танай намын ээлжит бус их хурал уржигдар болж өнгөрлөө. Энэхүү их хурлаар ямар асуудал хэлэлцэв?
-Хэлэлцэхээр оруулж ирсэн дөрөв, таван асуудлыг хэлэлцэж, шийдсэн. Тухайлбал, 2024 оны УИХ болон орон нутгийн бүх шатны сонгуульд оролцох Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийн төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулах эрхийг Үндэсний бодлогын хороонд шилжүүллээ. Өмнөх их хурлаар баталсан зарим нэг тогтоолуудыг хүчингүй болгосон. Үндсэн дүрмийн хэд хэдэн өөрчлөлтүүдийг хэлэлцлээ. Ардчилсан үзэл санаатай намуудын нэгдэх асуудлыг ҮБХ хэлэлцэх эрхийг шийдлээ. Эрх баригч намд нийгэм, эдийн засагтай холбоотой албан шаардлага хүргүүлэх үүргийг ҮБХ-нд чиглэл болгож өглөө.
-Нийгмийн анхаарлын төвд байнга байдаг нэг асуудал байгаа шүү дээ, намын даргын. Энэ асуудлыг яагаад хэлэлцсэнгүй вэ?
-Намын даргын асуудлыг ярих нөхцөл, шалтгаан одоохондоо үүсээгүй. Хуучин намын даргыг сонгохдоо сунгаа зарлаж, явуулдаг дүрэмтэй байсан. Харин одоо тэрхүү дүрэмд өөрчлөлт орсон. Шууд төлөөллийн төв байгууллага буюу ҮБХ-ны хуралдаанд нэр дэвшилт явагдаад, улмаар уг хуралдаанаас хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг намын их хурлаараа ёсчлон батламжлаад Дээд шүүхэд өргөн барьдаг дүрэмтэй болсон. Уг дүрмийг Улсын дээд шүүх бүртгэчихсэн шүү дээ, өнгөрсөн гуравдугаар сард. Тиймээс даргын асуудал яригдвал эхлээд ҮБХ-гоор хэлэлцэгдэж, шийдэгдэх ёстой.
-Их хурлынхаа үеэр та “Манай намын зарим нөхдүүд намын дарга болно гэж сэрүүн зүүдлээд яваад байна” гэж хэлсэн. Энэ үг хэнд хандаж, хэн рүү чиглэв. Намын дарга болох гээд бодит үйлдэл хийгээд яваад байгаа хүн нь хэн юм?
-Гадуур их л зүйл яригдаж байна. Тодорхой нэр дурдагдаж яригдаж байгаа гурван хүн бий. Ерөнхийлөгч байсан хүн нь өөрөө ч явж байна. Өөрөө явахын хажуугаар өөрийн хүрээллийн хүмүүсээ АН-ыг төлөөлөх эрх бүхий этгээд гэж үзүүлэхээр Шүүхийн байгууллагаар явж л байна. Сүүлийн үед М.Тулгат их яригдаж байна. М.Тулгатын хувьд хэдий АН-ын хууль ёсны нэр дэвшигч байсан ч Улсын дээд шүүх бүртгэхээс хэд хэдэн удаа татгалзсан. Саяны болсон их хурлаараа М.Тулгатыг дэвшүүлсэн намын 11 дүгээр их хурлын тогтоолыг хүчингүй болголоо. Тиймээс хууль ёсоор бол М.Тулгат албан ёсны нэр дэвшигч биш гэсэн үг. Энэ утгаараа АН-ын дараагийн даргыг дэвшүүлэх эрх зүйн орчин бүрдчихсэн гэж ойлгож болно. Зарим хүмүүс намын даргаа хэзээ дэвшүүлэх юм, хэзээ сонгох вэ гэж их асуудаг. Энэ асуудлыг шийдчихсэн явж л байсан. Харамсалтай нь Улсын дээд шүүх удаа дараа буцаасан. Тиймээс намын ээлжит бус их хурал хуралдаж М.Тулгатыг албан ёсоор намын даргад нэр дэвшигч гэдгийг хүчингүй болголоо. Ингэснээрээ АН-ын дараагийн намын даргад нэр дэвшигч эрх зүйн хувьд нээлттэй болсон гэсэн үг.
-Саяхан танай намын байранд АН-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ лайв хийж, багагүй шуугиан үүсгэх шиг боллоо. Угтаа намаа эвлэрүүлчихье гэсэн сэтгэлтэй байсан юм биш үү?
-Би, бидний хувьд ямар нэгэн асуудал үүсгээгүй. Эсрэгээрээ тэр хүн өөрөө өөртөө асуудал үүсгэсэн. Өөрийнх нь гаргаж байгаа үйлдэл, үг, үзэл бодол нь үнэхээр хүний ёсонд нийцэхгүй, их бүдүүлэг байсан. Энэ хүнийг хүмүүс янз бүрээр өөгшүүлж, дэмжсээр байгаад бүр хүн биш болгочихсон юм билээ. Хүн болгоныг загнасан, хараасан, гуйлгачин, хулгайчаар нь дуудсан ийм ааш авиртай болгож. Угтаа өөрөө ч тийм сайхан түүхтэй, цэвэр ариун, шударга хүн биш үү дээ. Гэхдээ ааш, аяг нь арай ч ийм биш байсан. Гэтэл одоо бүр сэтгэцийн өөрчлөлттэй гэмээр болж. Энэ хүнд хууль үйлчилдэггүй. Өөр хүн ингэж танхайрсан бол хэдийнэ шоронд сууж байгаа. Хэн дуртай нь гар утас бариад аль нэг албан газар, айл гэрт ороод эзнийг нь загнаад, доромжлоод байвал энэ нийгэм чинь юу болох вэ. Яагаад ганцхан Д.Мөнх-Эрдэнэ гэдэг хүн ийм давуу эрхтэй байгаа юм. Хэн түүнд ийм тусгай эрх олгосон юм. Шударга ёс ярьсан хүн. Өөрөө тийм шударга хүн биш. Одоо болтол өмнөх хэргүүд нь бүрэн гүйцэд шалгагдаж дуусаагүй л юм билээ. Бид намынхаа байранд ээлжит хурлаа хийчихээд дуусч байтал гэнэт л дөрөв, таван бүдүүн залуутай утсаа бариад л ороод ирсэн. Намын асуудлыг ярья гэсэн, ярьсан. Гэтэл хүн доромжлоод л эхэлсэн. Би тэрэнд заавал байцаагдах ёстой ч биш. Тэгэхээр нь утсаа боль, эндээс гар гэсэн. Юу ч болоогүй байхад бөөн шуугиан болж, жүжиглэж, жүжиглэж гарсан. Тэр үймээнээр миний ширээн дээр байсан утас алга болчихсон. Цагдаад хэлээд байршлаар нь хөөсөн. Хөөж явсаар Тахилтын тэнд нэг нөхрийн гэрээс утас маань гарч ирсэн. Нөгөө нөхөр надад энэ утсыг нэг машинтай хүн өгөөд харьж бай л гэсэн гэж байна лээ. Утсаа барьж орж ирээд хүн доромжилно, улмаар хулгай хийнэ. Д.Мөнх-Эрдэнэд мөнгө дутагдсандаа миний утсыг хулгайлсан гэж бодохгүй байна. Одоо энэхүү хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Ийм гаж, бусдыг доромжилдог, олж авсан мэдээллээрээ шантааж хийдэг нөхдүүдэд хууль ёсных нь хариуцлагыг тооцох л учиртай. Энэ нийгэмд бүх зүйл хуулийн хүрээнд л явагдах ёстой. Тэгж лайв хийж байхдаа намайг тамгаа гаргаж ирээд үзүүл гэсэн. Би хэн дуртайд нь үзүүлдэг, тэр дундаа Д.Мөнх-Эрдэнэ шиг нөхөрт үзүүлэх шаардлага байхгүй. С.Эрдэнэд байгаа тамгыг ямар ч хамаагүй аргаар ав гэсэн захиалга их байгаа юм билээ. Тэрний нэг үйлдэл болоод өнгөрлөө л гэж харж байна.
-Тамга гэснээс саяхан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг хэвлэлд өгсөн ярилцлагадаа танд байгаа тамга хоёр жилийн настай, шинэ тамга. Харин жинхэнэ тамга 22 жилийн түүхтэй. Хэнд байх нь чухал биш, гэхдээ 22 жил болж байгаа тамга бол жинхэнэ” гэж хэлсэн байна лээ. Танд тэр 22 жил болж байгаа тамга нь байгаа юм уу?
-Н.Алтанхуягийг би хууль жаахан гадарладаг, Ерөнхий сайд, АН-ын дарга байсан хашир туршлагатай, томоотой хүн гэж боддог. Ингэж ярьж байгаа бол энэ хүнд хуулийн мэдлэг үнэхээр байдаггүй юм байна. Н.Алтанхуяг гэх нөхөр хуулиа огт ойлгодоггүй юм байна. Энэ хүн нэг хэсэг АН-аас урваж, намынхаа гишүүнчлэлээс хасагдсан. Улмаар бие дааж, тухайн үеийн эрх баригчдын дэмжлэгээр Орхоноос сонгогдсон нөхөр шүү дээ. Ийм хүн өнөөдөр тамганы асуудлаар худлаа мэдээлэл өгөөд сууж байгаад нь харамсаж байна. Хоёр жилийн настай тамга гэж юу байхав. Тамга олгохдоо хугацаатай олгодоггүй. Улсын бүртгэлийн ерөнхий хуулиа тэр хүн сайн унших хэрэгтэй. Үнэхээр асуудал ярих гэж байгаа бол зүйл заалттай, хуулийн үндэслэлтэй ярьж бай. Тамга гэдэг бол тамга тэмдгийн үйлдвэрээс гарсан мод. Түүнд нь АН-ын регистр дугаар, сүлд, логотой, тийм л тамга байгаа. Миний мэдэхийн 2000 оноос хойш Ардчилсан намын тамга хэд хэдэн удаа өөрчлөгдөж, шинэчлэгдсэн. Манай намын түүхэнд хоёр ч удаа тамганы асуудлаас болоод маргаан өрнөж байсан. Тухайлбал, М.Энхсайхан, Р.Гончигдорж хоёрын хооронд тамганы маргаан болж байлаа. Тэр үед АН-ын тамга хоёр ч удаа шинэчлэгдсэн байдаг. Нөгөөтэйгүүр бүртгэлийн чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллага бол Улсын дээд шүүх. Дээд шүүхийн баталсан бүрдүүлбэр хангах журам гэж бий. Энэхүү журмаар шинээр сонгогдсон нам, намын дарга бүрдүүлбэрээ бүрэн хангаж л байвал Улсын дээд шүүх шийдвэрээ гаргадаг. Өөрөөр хэлбэл бүрдүүлбэр хангаж, хуульд нийцэж байна гэж үзэх л юм бол тухайн намыг, намын даргыг ямар нэгэн тайлбаргүйгээр бүртгэх үүрэгтэй. Түүнээс биш улс төрийн намын дотоод асуудал руу орж, ийм маргаантай, тийм ч зөрчилтэй байна гэж тайлбар тавих эрхгүй. Хэрэв энэхүү бүрдүүлбэр, эсвэл намын үзэл баримтлал, дүрэм журам хуульд харшилж байгаа бол үүнийг Улсын дээд шүүх маш тодорхой тайлбарлаж хэлэх ёстой. Түүнээс биш ямар нэгэн хяналтын үйл ажиллагаа явуулах үүрэг байхгүй. Энэ утгаараа Улсын дээд шүүх 01 тогтоол гаргасан. Энэхүү тогтоолыг үндэслээд Улсын бүртгэлийн газар бүртгэл хийгээд хуулийн дагуу тамга тэмдэг хийлгэх эрхийг нь олгосон.
-Улсын дээд шүүхийн 01 тогтоол 2017 онд гарсан гэдэг. Улмаар 2020 онд та тэрхүү тамгаа Ц.Туваанд өгсөн биз дээ?
-2020 оны долдугаар сард Ц.Туваанд тамгаа түр шилжүүлсэн. Намын дүрэмд намын дэд дарга ганцхан эрх, үүрэгтэй. Тэр нь намын даргын өгсөн чиг үүргийг л биелүүлэх. Энэ утгаараа Ц.Туваанд тамгаа өгөхөөсөө өмнө намын даргын хувьд хоёр асуудлыг шийдчихсэн байсан. Нэгдүгээрт, намын даргын сунгааг зарлах, хоёрдугаарт, намын их хурлыг ирэх сард нь хуралдуулахаар шийдчихсэн байлаа. Их хурлаас өмнө намын даргын сунгааг явуулж дуусгаад улмаар хамгийн их санал авсан хүнийг хурлаараа ёсчлон батлаад Дээд шүүхэд бүртгүүлэх байсан. Гэтэл Ц.Туваан сунгааг шууд зогсоосон. Улмаар наймдугаар сард нь болох ёстой байсан намын их хурлыг ямар ч шалтгаангүйгээр хуралдуулаагүй. Ингээд асуудал нь явсан. Сүүлдээ бүр дүрмийн хулгай хийдэг болсон. Манай намын үндсэн дүрмийг Улсын дээд шүүхэд бүртгүүлэх зам зуур нь хэлэлцэгдэж, яригдаагүй заалтыг оруулсан. Тэрхүү заалт нь тухайн үеийн Ерөнхийлөгчийг дахин нэр дэвшүүлэх тухай заалт байсан. Ямар ч өрсөлдөгчгүйгээр. Ийм зүйл байж болохгүй гээд маргаан ид өрнөсөн. Ингээд Ц.Тувааныг чи наад тамга, тэмдэг өг, би өөрөө ажлаа эхлүүлснээрээ дуусгая гэхэд өгөөгүй, утсаа салгаад таг алга болсон. Ингээд аргагүй эрхэнд Бүртгэлийн байгууллага, хуулийн байгууллагад хандсан. Улмаар тамга тэмдгээ сэргээж, асуудлыг эхнээс нь цэгцэлж эхэлсэн. Хуулийн шат шатны байгууллага Ц.Туваанд байсан тамгыг хүчингүй болгож, шинэ тамга хэвлүүлэх эрх олгосон. Үүний дараа тамгын асуудлаар бүх шатны шүүх хурал болсон. Эцэст нь дахин давж заалдах эрхгүйгээр С.Эрдэнэд байгаа тамгыг хууль ёсных гэж шүүхээс шийдвэрлэснээр тамганы асуудал дууссан. Одоо нэг л асуудал үлдсэн байгаа.
-Тэр нь ямар асуудал вэ?
-Анх Ц.Тувааныг АН-ыг төлөөлөх эрх бүхий этгээд гэж үзээд Захиргааны хэрэг үүсгэчихсэн байгаа. Үүнийг одоо Ц.Туваан гэх нөхөр АН-ыг төлөөлөх эрхтэй эсэх асуудлыг тогтоох Захиргааны хэргийн шүүх хурал болж байгаа. Анхан шатны шүүхээр Ц.Тувааныг АН-ыг төлөөлөх эрхгүй гэж үзсэн. Гэтэл нөгөө талаас давж заалдсан. Энэхүү шүүх хурал өнөөдрийг болтол хуралдахгүй байсаар л байна. Хуралдах болгондоо янз бүрийн шалтгаан хэлээд хойшлуулчихдаг. Гэхдээ огт хуралдахгүй байна гэж байхгүй. Тиймээс удахгүй хуралдах байх. Энэхүү хурлын дараа нэг шийдвэр гарах байх. Энэ шийдвэр гарснаар төлөөлөх эрх, тамганы асуудал эцэслэгдэнэ. Тиймээс шүүхээр асуудал бүрэн гүйцэд шийдэгдээгүй учраас намын даргын асуудлыг хөндөхгүй байгаа юм. Шүүхийн шийдвэр гарахыг л хүлээж байна. Хэн нь зөв, хэн нь буруутай вэ гэдгээ харъя. Тэгж байж дараагийн асуудлыг ярина. Тиймээс л би өнөөдөр зарим нэг хүнд доромжлуулж, зарим нэг худлаа гүтгэлэг, хэл амны бай болоод л сууж байна. Би өнөөдөр хариуцлагаас зугтаж, тамга, тэмдгээ тэвэрчихээд суугаад байгаа зүйл байхгүй. Бүх зүйл хууль ёсны дагуу явах ёстой гэдэг зарчмаа л барьж ажиллаж байна.
-Шүүх нь ямар нэгэн шалтгаанаар байнга хойшлоод байна гэлээ. Танай намын асуудал шүүхийн байгууллагад очоод гацдаг, уддаг зүйл байна. Үнэхээр процесс нь ингэж удаан яваад байна уу, эсвэл шүүхийн байгууллагад хажуугаас нь нөлөөлөөд байгаа этгээд байна уу?
-Нөлөөлж байгаа хүн байгаа. Шүүхэд хэн нөлөөлж чаддаг юм, тэр нь тодорхой л байгаа. Миний хувьд заавал тэр нөлөөлж байгаа гэж нэрлэх шаардлагагүй. Шүүхэд нөлөөлөх бүхий эрх мэдэлтнүүд л нөлөөлж байгаа. Магадгүй 2024 оны сонгууль хүртэл АН-ыг маргаантай мэт байлгах сонирхол бий. Би энэ суудлаа, энэ тамгыг хэн нэгэнд май гээд өгчихмөөр л байна. Гэтэл өнөөдөр шүүхийн шийдвэр тодорхой болоогүй, асуудал эрх зүйн хувьд бүрэн шийдэгдээгүй л байна. Нөгөөтэйгүүр АН-ыг удирдаад, ардчилсан үзэл санаандаа баттай зогсоод энэ намыг аваад явчих, итгэл даах лидер манайд тодроогүй байна. Энэ намын даргад улангасан зүтгээд байгаа хүмүүс дотор Ардчилсан намын үзэл санааны тугийг босгоод явах хүн харагдахгүй байна.
-С.Баярцогтыг танай намынхан чинь их дэмжээд байгаа юм биш үү?
-С.Баярцогтыг гэж ярих болсон. Гэтэл С.Баярцогтын өөрийнх нь асуудал гэж байна. Одоо болтол шийдэгдээгүй Эрүүгийн шинжтэй зүйл ч байгаа. С.Баярцогт намын дарга болчихлоо гэж бодоход үйлдлүүд нь нотлогдвол яах юм. Тэр цагт Ардчилсан нам дахиад л тарах болно шүү дээ. Эсвэл АН-ын даргыг Женкод өгөх үү. Ёстой тийм зүйл байхгүй. Оросын тавиул, гадны гар хөл яагаад Ардчилсан намыг удирдах ёстой юм. Эсвэл Х.Баттулга гэх хүний эргэн тойронд байгаа тэр нэр дэвшүүлээд байгаа хүмүүсийг тавих уу. Ингэхээр ямар ч ялгаа байхгүй. Х.Баттулгыг л тавьж байна гэсэн үг. Монголд ардчиллын сүлд туг, баталгаа нь болсон ганц нам нь Ардчилсан нам. Тиймээс энэ том намын тамга тэмдэг, эрх мэдлийг хэн дуртайд нь май гээд өгөх нь өөрөө ардчилсан үзэл санаа руугаа нулимж байгаатай л агаар нэг. Би өнөөдөр гуч гаруй жил энэ намын төлөө явсан. Ардчилсан намын үүсгэн байгуулсан хүмүүсийн нэг. Тэгэхээр өөрийнхөө бий болгосон зүйлийг гучин жил зүтгэчихээд өөрийнхөө гараар нураана гэж байхгүй. Ийм хариуцлагагүй үйлдэл надаас гарахгүй.
-Нам, тамгатай холбоотой асуудлыг хоёулаа нэлээд их тодорхой ярилаа. Одоо танаас сөрөг хүчний намын даргын тань хувьд ганц нэг зүйл тодруулъя. Нийгэм өнөөдөр бухимдалтай байна. Залуучууд дөрөв, таван өдөр жагсаж, нүүрсний хулгайг ил болго гэж шаардаж байна. Энэ асуудлыг танай нам анхааралтай харж л байгаа байх. Үүнд та намын даргын хувьд, улстөрчийн хувьд ямар бодолтой явна вэ?
-Үүнийг маш болгоомжтой хандах асуудал гэж харж байгаа. Жагсаалыг муу зүйл рүү өдөөн турхирч байгаа, зохион байгуулалттай нэг хэсэг нөхдүүд байна. Би өөрөө гуч гаруй жил улс төрд явсан хүний хувьд өнөөдөр болж байгаа үйл явдлыг яг юу болоод байна вэ гэдэг нь зүгээр л уншигдаж байна. Нуулгүй л хэлье л дээ. Өнөөдөр төв талбайд жагсаж байгаа олон нийт дунд Ардчилсан намын оролцож байгаа оролцоо огт харагдахгүй байна. Жагсаалыг оройлоод, уриалаад байгаа хүмүүсийн төлөөллийг хараарай.
-Танд уншигдаж байгаагаар оройлоод байгаа нь ямар хүмүүс байна вэ?
-Зүгээр л сайн хараад үз. Оройлж байгаа нь нөгөө л нэг эерэг сөрөг дүр бүтээдэг, урлагийнхан, жүжигчид голдуу нөхдүүд байна. Хоёрдугаар энэ удаагийн жагсаалд асар их мөнгө орчихсон явж байна. Би тэр тэдэн төгрөг оруулсан, энэ хэдэн төгрөг авсан гэж хэн нэгнийг шууд гүтгэмээргүй байна. Зүгээр зохион байгуулалттай асар их мөнгө энэхүү жагсаал дотор явж байна. Надад бас хардах эрх байна. Нөгөөтэйгүүр улс төрд гучин жил явсан хүний нүдэнд бүх зүйл нь тодорхой уншигдаж байна. Нөгөөтэйгүүр удаа дараа янз бүрийн шалтгаанаар жагсаал цуглаан болж л байлаа. Тэр болгонд асуудал үүсгэсэн үүсгээгүй иргэдийг хууль, хүчнийхэн баривчилж хорьдог байсан. Гэтэл энэ болж байгаа жагсаалын үеэр нэг ч иргэнийг нэг ч хүнийг барьж, хориглосонгүй. Заавал барьж хорих ёстой биш л дээ. Гэхдээ хууль зөрчсөн үйл их хийгдсэн. Төрийн онцгой объект руу халдсан. Хашаа, үүд хаалга гээд бүгдийг эвдчихсэн. Ийм үйлдэл гаргаад байхад нэг ч иргэнийг баривчиллаа гэдэг зүйл явахгүй байгаа нь өөрөө хардлага төрүүлээд байгаа юм. Хүчирхийлэл, түрэмгийллийн шинжтэй маш олон үйлдэл болсон ч хэнд ч хариуцлага үүрүүлсэнгүй. Нөгөө нэг хүчирхэг цагдаа, тусгайгийнхан хаана байна. Эд нар тийм энэрэнгүй болчихсон гэж үү. Нүдэн дээр нь хууль зөрчөөд байхад яагаад баривчлахгүй байна вэ. Үүнийг би зохион байгуулалттай жагсаал гэж хэлээд байгаа юм. Зохион байгуулагчид нь харин тодорхой шүү дээ. Нөгөөтэйгүүр нүүрсний хулгайд уурссан иргэдийн эсэргүүцлийг өөр зүйлд ашиглах гэсэн зохион байгуулалттай үйл ажиллагаа маш идэвхтэй, хүчтэй явагдаж байна.
-Та гуч гаруй улс төрд явсан хүн. Таныхаар нүүрсний хулгайчид хэн бэ, тэд хаана байна вэ?
-Яг тэр гэж нэр цохож хэлэх нь өөрөө хууль бус зүйл. Ямар нэгэн хүнийг хэрэгт гүтгэж байгаа үйлдэл. Тиймээс хэн гэдгийг нь хууль, шүүхийн байгууллага тогтоож, зарлах биз. Гэхдээ нүүрсний хулгайг хийж байгаа хүн лав л ганзаганы наймаачин биш гэдэг нь тодорхой. Нүүрсний хулгайг хэн хийж чадах вэ, мэдээж эрх мэдэлтнүүд л хийнэ. Тэр дундаа онцгой эрх мэдэлтэй хүмүүс л хийнэ. Тэгэхээр нэр нэрлээд байх шаардлага байхгүй. Энэ ойлгомжтой асуудал. Тухайн цаг үед хэн гаалийн асуудлыг хариуцаж байсан, ямар хүн Төрийн толгойд байсан юм. Эдгээр этгээдүүд л мэдэж байгаа шүү дээ. Би тухайлбал, Л.Оюун-Эрдэнийн оронд байсан бол тухайн хил гаалиар гарсан этгээдүүдийг шууд зарлачих байсан. Гэхдээ хүн гүтгэх биш. Тухайн үед ийм албан тушаалтнууд байсан, тэр хүмүүс л мэдэж байгаа. Үүнийг хуулийн байгууллага шалгана биз гээд л хаячих байсан юм. Тэгэхгүй өөр дээрээ гал аваад л юм хум шийдүүлээд зогсож байгаа нь Л.Оюун-Эрдэнийн өөрийнх нь л буруу. Монголын баялгийг хулгайлж байгаа этгээдүүдэд юун ч хайртай юм. Шууд зарлах л ёстой.
-Сүүлд нь танаас нэг зүйл асууя. УИХ-ын чадамжийн тухай ярих боллоо. Уг нь манай улс чинь парламент засаглалтай улс биз дээ. Төрийн эрх барих дээд байгууллага нь УИХ. Гэтэл тэрхүү байгууллага өөрийнхөө онцгой эрхийг бусдад шилжүүлчихээд сууж байгааг та юу гэж ойлгож байна вэ?
-Би энэ асуудлаар УИХ-ын гишүүн байхдаа хатуу байр суурь хэлж байсан. Тухайн үед түүнийхээ шагналыг ч хүртэж байлаа. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд онц эрх олгодог, тэр дундаа УИХ-аас хууль, шүүхийн байгууллагуудын удирдлагыг томилдог, чөлөөлдөг, дүгнэлт гаргадаг эрхийг УИХ-ын тогтоолоор ҮАБЗ-д шилжүүлж байсныг зарим хүмүүс санаж байгаа байх. Тэрхүү тогтоолыг хэлэлцсэн чуулганы хуралд бий хатуу байр сууриа илэрхийлж байсан. Би “Энэ хуулийг батлах юм бол маргаашаас эхлээд та нар бүгдээрээ гөлөг болно. Бүгд бөлдөгдүүлнэ” гэж хэлж байсан шүү дээ. Нэг үгээр хэлбэл, УИХ-ын хэнтэй ч үл хуваалцах дархан эрхийг ҮАБЗ-д олгох нь туйлын буруу байсан. Тухайн үед энэ үйлдлийг нь дарангуйлал руу та нар хагас алхана шүү гэж хэлж байлаа. Би хэлээгүй биш хэлж байсан. Бүр парламентын гишүүн байхдаа үүнийг хэлж, анхааруулсан. Тэр цагаас эхлээд ҮАБЗ Дээд шүүх, прокурор том хууль хүчний албан тушаалтнуудыг томилдог, чөлөөлдөг эрхийг шууд эдлээд эхэлсэн. Тэгснээрээ өнөөдөр ямар үр дүн гарав. Парламент нь чадамжгүй, засаглалын бүрэн хямралд орчихсон л явж байна. Тухайн үед парламентын онцгой эрхээ ҮАБЗ-д алдсанаас болж одоо бүгд “гөлөг” болж байгаа биз. Төрийн эрх барих дээд байгууллага нь чадамжгүй улс орон цаашид хаашаа явах вэ гэдэг нь тодорхой. Үүнийг засах, залруулах ёстой.
Ц · 2022/12/09
Эрдэнэ жудагтай шудрага зөв ярьж бна тамгаа сайн хамгаалаарай амжилт
зочин · 2022/12/09
БАЯРЦОГТЫГ ХЭЗЭЭЧ СОНГОЖ БОЛОХГҮЙ
шаабар · 2022/12/09
Ерөнхийдөө бол нэг их буруу зүйл яриагүй байна гэхэд болно. АН-ын хувьд хамгийн зөв гарц бол ҮБХ гоо хоёр тал тохиролцон хамтарч хуралдуулаад намын даргаа аль ч талын биш гуравдагч хүн тавиад Их хурлаа зарлаж баталгаажуулж аваад сонгуульдаа яаралтай бэлтгэх л гарц байна. 2023 ОНД БУЮУ ИРЭХ ЖИЛ СОНГУУЛЬ БОЛОХ НЬ БАРАГ ТОДОРХОЙ БОЛЧИХЛОО ШҮҮ ДЭЭ.
Зочин · 2022/12/09
одоо та нар залуу хүмүүст байраа тавьж өгөх хэрэгтэй дээ Баярцогтыг сонгох нь зөв