Монгол, Хятадын хилийн Замын-Үүд-Эрээн авто замын боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2023 оны нэгдүгээр сарын 8-ны өдрөөс нээхээр болжээ.

"ӨМӨЗО-ны боомтын захиргаа хоёр талын бэлтгэл ажил хангагдсан байдлаас шалтгаалж нэгдүгээр сарын 8-наас зорчигчийн авто замын боомтуудыг нээх шийдвэр гарсан.

Эхний ээлжид бэлтгэл бүрэн хангагдвал Замын-Үүд-Эрээний боомтыг нээхээр болж байна" хэмээн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнгөрсөн сард ярьж байсан юм.

Иргэд БНХАУ руу нисэхээсээ өмнө 48 цагийн дотор PCR шинжилгээ өгөх шаардлагатай. Харин хилээр нэвтэрсний дараа шинжилгээнд хамрагдах шаардлагагүй болохыг тус улсын ЭСЯ-наас мэдээлээд буй.

Замын-Үүд-Эрээн авто замын боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2023 оны нэгдүгээр сарын 8-ны 08:00 цагт нээнэ.

Монгол Улсаас БНХАУ-д зорчих иргэд зорчихоосоо 48 цагийн өмнө PCR шинжилгээ өгнө. Коронавирусийн халуурах зэрэг шинж тэмдэг илэрвэл Хятадын хилээр нэвтрүүлэхгүй.

Эхний ээлжид 300 зорчигчийг автобусаар хилээр нэвтрүүлнэ. Энэ тоог цаашид 500-д хүргэнэ. Эрээн хотод гаднын иргэдийг хүлээн авах бэлтгэл бүрэн хангагдаж 22 зочид буудлын нэрийг ирүүлсэн.

Тээврийн хэрэгслийн жолооч болон тээврийн хэрэгслийн мэдээллийг гаалийн байгууллагад урьдчилан бүртгүүлнэ.

"УАЗ-469" маркийн машиныг хил хооронд ашиглахгүйг Хятадын талаас мэдэгдсэн" гэв.

БНХАУ-аас Монгол Улсад ирж буй иргэд эрүүл мэндийн асуумж бөглөнө. Хятадын иргэдэд зориулан гаргасан тусгай журам байхгүйг тэрбээр хэллээ.

Түүнчлэн БНХАУ-д зорчоод буцаж ирж буй монгол иргэд мөн адил асуумж бөглөнө.