Энэ сарын 11-нд нутгийн баруун хэсгээр, 12-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч эрс чангарахыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа. 

Өнөөдрийн хувьд Улаанбаатар хот орчмоор өнөөдөр үүлших бөгөөд цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 2-7 метр байх аж. Мөн Тэрэлж орчмоор үүлших бөгөөд цас орохгүй. 

Нэгдүгээр сарын 11-15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 

  • 11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр
  • 12-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар
  • 13-нд говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 14-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхины хувьд:

  • 11-нд Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолойгоор
  • 12-нд нутгийн зарим газраар,
  • 13-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр, түр зуур секундэд 24 метр  хүртэл ширүүсэх аж. 

Түүнчлэн энэ сарын 12-ноос баруун болон төвийн аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -38...-43 градус, өдөртөө -30...-35 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -33...-38 градус, өдөртөө -22...-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -10...-15 градус, бусад нутгаар шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -16...-21 градус хүйтэн байна.