Хүүхдийн 100,000 төгрөгийг олгохдоо өрхийн орлогыг хэрхэн тооцоолсноо танилцууллаа
2023/01/17
Хүүхдийн 100,000 төгрөгийг олгохдоо өрхийн орлогыг хэрхэн тооцоолсноо Үндэсний Статистикийн Хорооны дарга Б.Батдаваа танилцууллаа.
Тэрбээр "Үндэсний Статистикийн Хороо, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам болон төрийн 10 гаруй байгууллагатай хамтран өрхийн орлогыг тооцоолох аргачлалыг баталсан. Өмнө нь халамжийн ажилтнууд айлуудаар явж мэдээллийг цуглуулдаг байсан нь цаг хугацаа, зардал гардаг байв.
Энэ удаад төрд байгаа мэдээллийн сангуудыг нэгтгэх аргаар тухайн өрхийн аж амьдралыг хамгийн оновчтой, сайнаар тодорхойлох загварыг боловсруулсан. Ингэхдээ өндөр цалин авч буй гээд хүүхдийн мөнгөнөөс хасах шалгуур тавиагүй.
Өрхийн амьжиргаа цалин, цалингийн бус орлого, автомашин, малын тоо, хөрөнгө, байр, орон сууц, өрхийн гишүүдийн тоо зэрэг олон үзүүлэлтээс хамаардаг. Тиймээс бид төрд байгаа таван мэдээллийн сангийн 10 гаруй хувьсагчийг авч, өрхийн аж амьдралыг хамгийн бодитойгоор тооцох загварыг боловсруулсан юм. Энэ нь харьцангуй алдаа багатай, сайн загвар болсон гэж үзэж байна.
Гол асуудал нь мэдээллийн сангийн зөрүүтэй байдал. Шилжилт хөдөлгөөн хийгдсэний дараа бүртгэл явагддаггүй, хүн ам, өрхийн мэдээллийн санг баг, хорооны Засаг дарга хөтлөх хуультай. Гэхдээ иргэний зөвшөөрөлгүйгээр төрийн албан хаагч мэдээллийг солих бололцоогүй. Ажлын хэсэг үлдэж буй хугацаанд зөрүүтэй мэдээллийг иргэдтэй хамтран засах ажлыг шуурхай хийнэ" хэмээн тайлбарлалаа.
хүүхэдтэй гэр бүл · 2023/01/17
Монгол Улсын Үндсэн хуулиа зөрчихгүй байвал яасан юм бэв Ялгаварлан гадуурхахгүй байж болохгүй юу.