Д.Ганбат: АН-ын дарга бол С.Эрдэнэ...
2023/01/19
Ардчилсан Намын 4/11 мэдээллийн цаг өнөөдөр боллоо.
Энэ үеэр УИХ-ын гишүүн, АН-ын ҮБХ-ны дарга Д.Ганбат: "Ардчилсан Намын Үндэсний Бодлогын Хорооны/ҮБХ/ хурлыг намын дарга, улс төрийн зөвлөлөөс зарладаг. "ҮБХ-ны 1/3 нь санал гаргаж болдог. Уг саналыг ҮБХ-ны дарга болон АН-ын даргад гаргах ёстой. Үүний хариуг 14 хоногийн дотор өгдөг журамтай. Энэ процесс алга болжээ.
ҮБХ 315 гишүүнтэй. Өнөөдрийн байдлаар эрх бүхий 254 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Манай намын дотоод сонгуулийн хороо журмаа боловсруулаад даргаа сонгох ажил явагдана.
Одоогоор АН-ын даргын ажлыг С.Эрдэнэ хийж байгаа. Цаасан дээр бүртгэл нь С.Эрдэнэ гээд бичигдсэн байгаа.
Ардчилсан Нам анх хүүхдийн мөнгийг санаачилсан. Үүнийг хүүхэд бүрд олгодог байсан. Монголын байгалийн баялгийг нийт хүүхдээрээ дамжуулж ард иргэддээ олгох нь зөв хувилбар гэж үздэг, халамж биш. Өнгөрсөн онд МАН хүүхдийн мөнгийг халамж гээд хуульчилсан. Энэ нь Үндсэн хуульд нийцэхгүй.
Хүүхдийн мөнгийг 91% нь аваад 9% нь авахгүй гэхээр дундаж давхарга байхгүй боллоо. Ам бүлийн орлого 3.5 сая төгрөгөөс дээш орлоготой айлын хүүхдийн мөнгийг хасчихлаа. 3.5 сая нь 1,000 доллар хавьцаа мөнгө. Дунд зэргийн хөгжилтэй орны difficult, dirty, dangerous ажлыг хийж байгаа хамгийн бага цалин нь $1,000. Манай иргэдийн ихэнх нь ийм ажил хийж байна. Ажлаа хийгээд татвараа төлөөд явж байгаа өрхүүдийг дундаж давхаргаас хасаж байгаа нь буруу, үүнийг засах ёстой.
Энэ Засгийн газрын явуулж байгаа цахим бодлого нь сайн хэрэг. Гэвч үүнийгээ муу хийсэн нь иргэдэд чирэгдэл учруулж байна." гэв.