Монголоор дүүрэн "тагнуулчид"...
2023/01/23
Ойрын жилүүдэд манай тагнуулынхан "дайсны" тагнуулчдыг олноор барих боллоо. Сэтгүүлч Ч.Мөнхбаяр, Ардчиллын анхдагч Д.Баасан ламын эхнэр, яруу найрагч Ц.Хулан гээд "гадаадын тагнуул"-ууд "илчлэгдлээ". Баригдчихдаг муу тагнуулчид. Ямар нь ийм арчаагүй нөхдүүдээр тагнуул хийлгэдэг байна. Элсүүлсэн улсууд нь одоо донгодуулж байгаа даа. Жинхэнэ тагнуулч бол баригдах дөхөөд ирэхээрээ нууц ажилтны үнэмлэхээ, цианит натриар даруулж идээд үхдэг юм. Энэ бодис Монголд хориотой болохоор тэд амьдаараа баригдсан бололтой. Амьд хэл.
- Монголд тагнуулын ямар үйл ажиллагаа явуулсан бэ, хэл?
- Цэцгийн толгой тасддаггүй үртэй байхыг хүснэ, би
Цэцдийн толгой авдаггүй үртэй байхыг хүснэ, би...
Браво, манай тагнуулчид сайн байлаа. "Хүсээгүйгээ" илрүүлдэггүй л болохоос биш угаасаа ч сайн л даа. "Баригдашгүй" тагнуулчдыг барьчихсан ч юм билүү, хэн мэдлээ. Тагнуулчдын гай нь ил, гавьяа нь далд байдаг хойно доо.
Илрүүлсэн гэдэгт нь итгэж байна. Гэхдээ инфляци тэднийг "илрүүлэв" үү? Төгрөгийн ханшны уналт "тагнуулч" болгож орхив уу? Гадаад валютын ханш гадаадаас санхүүжихэд хүргэв үү?
Ийм байдалд яагаад оров гэдэг нь л сонин байна. Эх орондоо "гомдов" уу? Энэ төрд хорсов уу? Эдийн шунал байв уу? Элдэв нээнтэгт өртөв уу? Гэнэн цайлган байв уу? "Гэгээнтэн"-ий үгэнд автав уу? Улс амьтны ярьдаг шиг угсаа гарвал, удам судар, яс үндэс, цус судсандаа байв уу?... Эсвэл зүгээр л "МАН" төрд тэрсэлсэн гэж мань хэдээр туг тахив уу, төрийн минь сүлд өршөө...
Ард олны амаар, албан бус тоогоор Монголоор дүүрэн тагнуул бий. УИХ-ын 76 бүгд "тагнуул". Тэд сонгогдсон тойргоо төлөөлөхийн хажуугаар ямар нэг улсыг давхар "төлөөлж" байдаг.
Манай улсад Хятад, Орос, АНУ тэргүүтэй барууны "тагнуулчид" олонхи болдог. Япон, Солонгосынх сүүлийн үед нэмэгдсэн гэсэн. Африк, Латин Америкаас байдаг эсэхийг харин мэдэхгүй юм.
- Танд дуулсан юм байвал шивнээрэй...
Сүүлийн гучин жилд "илэрсэн" хамгийн мундаг "гадаадын тагнуулчид" бол Нямка гуай, Эби гуай, Жэнко гуай нар. "Баригдсан" ч "баригддаггүй". Тэдэнд шиляап духдуулж, хар цув өмсч, харанхуй шөнөөр харх шиг ажиллах шаардлага байсангүй. Аль болох алтан нарны цацрагт, ард олны нүдэнд, "ажил албаа" явуулж, авсан "даалгавараа биелүүлж", төрийн тамга атгаж, "төлөөлсөн улсаа" төлөөлсөөр ирсэн.
Ингээд бодохоор энэ улсад тагнуул хийх шаардлага байна уу?
Сонгуулиар Монголчуудад гурил, будаа, арав, таван цаас тараагаад төрийн нууцын түлхүүрийн гардаж, хар, цагаан хайрцагийг нь онгойлгож, хамаг бодлогыг нь хайр найргүй сохлоод, өөрийн дураар бичиж болдог өрөвдөлтэй улс шүү дээ, манай улс.
Хүний, өөрийнөө ялгахгүй болтлоо хярамцаг болсон байна, бид. Соц үед гурван хүний нэг нь мэдээлэгч байсан гэдэг. Тэд өнөөдөр бий юу? Залгамж халаа нь байна уу? Үүрэг, чиглэл нь өөрчлөгдсөн үү? Үйлчилдэг байгууллага нь хэвээрээ юу? Эдийн засгийн хямралд өртөөд эзнээ тэд сольсон уу? Зах зээлийн шуурга тэднийг Замын-Үүд, Улаан-Үүд, Холливүүд рүү туув уу? Төрийн тамга түмний төлөө дарагдаж байна уу? Хууль, цааз хэний төлөө бичигдэж байна? Гол нь ямар хүмүүсийн гарт тамга байна вэ? Гарын үсэг зурж байгаа нь ямар хүмүүс вэ?
"Далдын хар малгай байдаг ч болоосой
Дарж өмсөөд дагаж яваад мэдэхсэн, ай хөөрхий"...
"Эх орончид" нь эх орноосоо урваад эхлэхээр энэ орныг чинь хэн хамгаалах юм бэ?
Үй түмэн энэ асуултанд "үнэн" хариулт өгөх хүн байна уу, та минь ээ...
Ч.Явуухүү
sonin.mn
Fabien · 2023/01/23
Zochin · 2023/01/23
IT kompaniudig hakerdaad bhad,neeree manaid Hulan metiin humuusiig tagnuulchnaar elsuuleh hereg bnu..
Зочин · 2023/01/23
Гарц нь параламентаа 2 тахимтай болгож доод танхим одоогийн 76 байнгын ажиллагаатай дээд танхим нь жилд 1 удаа цуглаж эцсийн шийдвэр гаргадаг энэ хүмүүс сум суурин бүрээс оролцдог болчихвол улс хөгжинө Энэ л үед хариуцлага тооцно