АН-ын дэд дарга Б.Ган-Очиртой Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хууль болон цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Тролл гэдгийг та юу гэж ойлгож байна вэ?

 

Нэр хаяг үгүй, хуурамч хаягтай хүмүүс.

 

Троллуудын зорилго нь юу байдаг юм бол?

 

Хоёр янз байх шиг байна. Нэг хэсэг нь сонгуулийн үеэр гарч ирдэг. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сонгуулийн үеэр баахан зүрх, лайкыг Энэтхэг, Бангладеш хаягуудаас авсан байдаг даа. Нөгөө хэсэгт нь уул, усны зурагтай хүмүүс байна. Тэдний заримыг нь бид тролл гэж андуураад байна. Тэдэн дунд бас бодит хүн байх шиг байна. 

 

Троллуудын Монголын нийгэмд үзүүлж буй нөлөө, хор, хохирол нь юу юм вэ?

 

Хор хохирлыг нь судлаж гаргаж ирэх хэрэгтэй. Олон нийтийн хуультай холбогдуулан Франц, Герман, Испани гэх мэт хууль батласан улсуудыг харж байхад яг энэ асуудалтай холбоотой судалгааны асар их тайлан байсан. Мөн цаана нь бүртгэлийн систем гэж байна. Яг бодит хаягтай хүмүүс фэйсбүүк дээр өөрсдийнхөө үзэл бодлыг илэрхийлдэг бол болж байна шүү дээ. Гэтэл тэр хаягтай хүмүүс гэдэг зүйл чинь байхгүйгээр төр засаг нь бүгдээрээ зүгээр л одоо троллын эсрэг тэмцэж байна гээд фэйсбүүк, бүх хэвлэл мэдээллийг, сошиал орчинг дуртай үедээ хаагаад байвал яах вэ? Троллоосоо дор, нуухыг нь авах гээд нүдийг нь сохлоно гэгч болно биз дээ.

 

Бид тролл арми гэж ярьдаг. Хамгийн том тролл арми хэний гарт байна вэ?

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Сангийн сайд Б.Жавхлан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар хамгийн том тролл армитай нь илт харагдаж байна шүү дээ. 

 

Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг бас том тролл армитай гэж ярьдаг шүү дээ. Үүнд та ямар хариулт өгөх вэ?

 

Улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалж, нөгөө талын сөрөг хүчнээс бол ингэж ярьж   л байдаг. Тролл арми яг хэнд байдаг юм бэ? Хүн яах гэж хийдэг юм бэ? Жишээ нь, өөрт чинь бол тролл арми байхгүй биз дээ. Засгийн эрх барьж буй хүмүүст тролл арми байдаг. Яагаад гэвэл гэр бүлээ тэжээхээс илүү үрэх хэмжээний мөнгө хулгайлчихсан байна гэсэн үг шүү дээ. Тэгээд хулгайгаа цааш нь үргэлжлүүлэхийн тулд хэн нэгэн хүмүүсийг ашиглаж байна гэсэн үг. Эрх мэдэл хаана байна тэнд тролл арми байна. Үүний эсрэг хууль, хүчний байгууллагууд бүгд тэмцэх хэрэгтэй. Энгийн иргэд рүү биш. 

 

Тролл гэдэг зүйлийг устгах, цэгцлэх, хянах шаардлагатай юу? 

 

Тролл болон бусад бүх зүйлс байгальд төдийгүй нийгэмд хөгжлийн явцыг дагаж өөрөө цэгцэрдэг зүйл.  Тас хаадаг зүйл биш. Иргэд орлоготой болоод ирвэл тролл болох шаардлагагүй. Ажлын байртай болоод ирвэл троллдох зав байхгүй болно л гэсэн үг. Анхдагч асуудал троллын асуудал огт биш. Анхдагч асуудал ахуй амьжиргааны асуудал. 

 

УИХ-ын гишүүн Н.Учралын “Тролл”-ын гэгдэх энэ хуулинд ямар нэгэн далд зорилго байна гэж хардах үндэслэл байна уу?

 

Далд зорилго нь ил байна. Хаврын жагсаал цуглаан, УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль, үгүй бол сонгуулийг наашлуулж намар хийх, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудалд Н.Учрал гар хөл болоод байна гэж харж байна. Түүний цаана нөгөө нүүрсний хулгайтай холбогдолтой гэмт хэргийн бүлэглэлүүд байгаа. Төр бол хоёр тохиолдолд хулгай хийж иргэдийн эрхийг зөрчдөг. Нэг бол бүр баригдаад, багцлагдаад, гэмт хэргүүдэд шахуулаад хүчгүй болсон бол, нэг бол Үндсэн хуулийг ч тоохгүй хүчтэй болсон тохиолдолд. Энэ удаа бол гэмт хэргийн бүлэглэлүүдэд бариулчихаад байна гэж би үзэж байна. 

 

Тэгвэл энэ хуулийн захиалагчид нь гэмт этгээдүүд байна гэж ойлгож болох уу?

 

Тийм шүү дээ. Хулгайч нар байна гэсэн үг.

 

УИХ-ын гишүүн Н.Учрал “улс төрийн аав”-даа энэхүү хуулиар бэлэг барьж байна гэж та хэлсэн. Үүнийгээ тодруулахгүй юу? 

 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн рейтинг унаж байгаа учраас, мөн дээр нь хавар, зун, намар гээд сонгууль хүртлэх улс төрд зориулаад энэ хуулийг батлуулсан гэсэн үг. 

 

АН-аас энэ хуультай холбоотой хэвлэлийн хурал зарлана гэхэд ЦХХХЯ-наас та бүхэнтэй холбогдсон гэсэн. Тэд юу гэсэн бэ?

 

Манай хэвлэл мэдээллийн албаны дарга руу ЦХХХЯ-наас болон МАН-аас залгасан. Ямар, ямар бүрэлдэхүүнтэй хүмүүс хэвлэлийн хурал хийх юм бэ? Хэвлэлийн хурлаар юу ярих юм бэ? Ямар асуудлууд хэлэх юм бэ? Мөн дээрээс нь хэлээгүй хэдэн зүйлсүүд байгаа. Анхааруулга өгсөн гэж байгаа. 

 

ЦХХХЯ-ны энэ үйлдэл нь хэр зохимжтой юм бэ?

 

Үндсэн хууль зөрчиж, хүний эрхийг уландаа гишгэж байна гэсэн үг. Сөрөг хүчин байх боломжгүй шүү гэсэн үг. Эрх баригчид өөрсдийн хүчиндээ хэтэрхий эрдэж байна гэсэн үг. 

 

АН-ын даргаар Л.Гантөмөр сонгогдсон. Та энэ хүнд хэр итгэл найдвар тавьж байна вэ?

 

УИХ дахь АН-ын бүлгээс санаачилсан л хурлын шийдвэр шүү дээ. Мөн дээрээс нь С.Эрдэнэ даргатай тал байгаа. Түүнчлэн намын бүх гишүүд байгаа тал байгаа, Х.Баттулга даргатай. Эдгээр талууд бүгд хоорондоо зөвшилцөж учраа олох хэрэгтэй. Би бол учраа олно гэдэгт итгэлтэй байгаа. 

 

Дээд шүүх Л.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгэх болов уу?

 

Бүртгэхгүй байх гэж бодож байна. Нэгдүгээрт, Дээд шүүх эрх баригч нарын гарт байгаа. Хоёрдугаарт, талууд хоорондоо учраа олох нь Дээд шүүх бүртгэх хуулийн дагуу үндсэн шалтгаан болох ёстой. 

 

С.Эрдэнэ энэ хурал хүчингүй, Л.Гантөмөр дүрмийн бусаар сонгогдсон гэж хэлсэн. Үүнд та ямар хариулт өгөх вэ?

 

Надаас илүү, дахиад ганц С.Эрдэнэ дарга ч гэхгүйгээр АН-ын дүрэм гол сахьдаг бид бүгдийн хороо гэж байдаг. Тэр хороо тайлбар хийх эрхтэй. Ер нь албан бичиг нь гарчих байх гэж бодож байна. 

 

АН-ын одоогийн энэ нөхцөл байдал Монголын нийгэм, улс төрд ямар нөлөө үзүүлж байна вэ? 

 

Сануулж хэлэхгүй бол сайн засаг ч ялзардаг гэдгийн жишээ одоо харагдаж байна. АН байхгүй бол Монголын нийгэмд ямар хохиролтой вэ гэдгийг бүгдээрээ харж байна. Мянга жагсаж цуглаад ямар ч нэмэргүй гэдгийг харж байна. Улс төрийн хулгайг улс төрийн хариуцлагаар л тооцдог. Өөр сонголт байхгүй.

 

Тэгэхээр АН хурдан хүчирхэгжиж, сөрөг хүчнийхээ байр суурин дээр гарч ирэх нь маш чухал. 

 

УИХ-ын гишүүн Н.Учралын энэхүү хуулийг цаашид хэрхэн засаж залруулах эсвэл бүр хүчингүй болгох вэ? Ямар гарц гаргалгаа байна вэ?

 

Ард түмэн бид бүхэнд ямар ч гарц гаргалгаа байхгүй л болж байна. Ингээд байх юм бол дахиад яах вэ? Дахиад л дараагийн тэмцэл, бослого руугаа л орно. Өөр ямар ч сонголт байхгүй. 

 

Энэ хуулийн хамгийн эхний хохирогчид нь ямар хүмүүс байх бол?

 

Бид л байна шүү дээ. Та байна. Би байна.

 

Ярилцсан Ч.Явуухүү