Дөрөвдүгээр сарын 29-ийг амралтын өдөр болгохоор ярилцаж байна
2013/04/18
Улаанбаатар хотноо энэ сарын 26-29-ний өдрүүдэд “Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурал” болох гэж байгаатай холбогдуулан хотын захиргаанаас хэд хэдэн журам гаргасан билээ.
Гадаадын улс орны 1000 гаруй томоохон төлөөлөгчид хүрэлцэн ирэх тус арга хэмжээтэй холбогдуулан Засгийн газраас энэ сарын 29 буюу даваа гарагийг амралтын өдөр болгон ирэх 5-р сарын 4-ний өдөр нөхөж ажиллахаар төлөвлөж байна. Гэхдээ энэ шийдвэр нь албан ёсоор батлагдаагүй байгаа бөгөөд ажлын хэсгийнхэн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэхээр ярилцаж байгаа аж.
Нэмж хэлэхэд Нийслэлийн засаг даргын 2013-04-17-ны өдрийн А/402 тоот захирамжаар нийслэл Улаанбаатар хотод Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII баг хурал зохион байгуулагдахтай холбогдуулан тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт хийхээр болсон билээ.
Хязгаарлалтын журмын дагуу таны автомашины сүүлийн оронг тэгш болон сондгоогоор хуваарилан 4-р сарын 26-29-ний хооронд 07:00-21:00 цагийн хооронд хязгаарлахаар боллоо. Тиймээс таны автомашины улсын дугаарын сүүлийн орон ...0, ...2, ...4, ...6, ...8-аар төгссөн бол 4-р сарын 26, 28-ны өдрүүдэд хөдөлгөөнд оролцохгүй. Харин ...1, ...3, ..5, ..7, ...9-өөр төгссөн бол 4-р сарын 27, 29-ний өдрүүдэд замын хөдөлгөөнд оролцохгүй аж.