Таксиний жолоочийг хутгалан арын тээшинд хийж улмаар Эрдэнэт руу авч яван эмнэлэгт хүргэжээ
2023/02/02
Цагдаагийн байгууллагад 2023 оны 01 дүгээр сарын 31-нээс 02 дугаар сарын 01-нд шилжих шөнө “Орхон аймгийн Баян-Өндөр суманд байрлах Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хутгалуулсан хүн ирлээ” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Дуудлага, мэдээлэлд тус аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад 19 настай, эрэгтэй “А” гэгч нь 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс Тоёота маркийн тээврийн хэрэгсэлд сууж Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр 5 буудлын орчим хүргүүлэн, тээврийн хэрэгслийн жолооч 24 настай, эрэгтэй “З” гэгчтэй таксины төлбөрөөс маргалдан, түүний биед халдан зодож, хоолой хэсэгт хутгаар 1 удаа зүсэж, хэвлий болон гарын хэсэгт нийт 4 удаа хутгалан гарыг нь хүлж, түүнийг тээврийн хэрэгслийн тээшинд хийн Улаанбаатараас Орхон аймгийн чиглэлд авч явсан байна. Улмаар Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх үедээ хохирогчийг тээврийн хэрэгслийн багажнаас гарган суудалд суулган түүнийг тус аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд “...найзтайгаа хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдаад хутгалчихлаа” гэж хэлээд хохирогчийг үлдээн гарч явахад нь Орхон аймгийн цагдаагийн газрын алба хаагчид саатуулан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Хохирогч одоогоор эмнэлэгийн тусламж үйлчилгээ авч байна.
Өөр эх сурвалжийн мэдээлснээр тухайн сэжигтэн нь найз охинтойгоо маргалдан гарч явах замдаа такси барин жолоочийг нь хутгалаад багажинд хийж хөдөө гарсан байна. Харин багажинд байсан жолооч хөлдөж үхлээ гэж гуйж урагш суугаад Эрдэнэтэд баригдсан аж.