“Цагаан сараас өмнө “Эрдэнэс таван толгой” ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгаа авъя” хэмээн иргэдийн төлөөлөл дахин хэвлэлийн бага хурал хийлээ.

Тэд өмнө нь "Өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хувьцааны ногдол ашиг олгохыг шаардсан. Өгөхөөр судалж байна гэсэн л хариу ирээд буй. Цагаан сарын өмнө ногдол ашгийн тодорхой хувийг олгохыг шаардаж байна. Иргэдийнхээ амьжиргааг нэмж, ногдол ашгаа олго. Ногдол ашиг тарааснаар юмны үнэ өсөхгүй. Бид ногдол ашгаа авч байсан бол хавдрын эмнэлэг хавдартай хүмүүсээр дүүрэх биш, гадаадын номер нэг эмнэлэгт мөнгөө төлөөд үзүүлэх байлаа. Хүүхдүүд ч гадаадын сургуульд мөнгөө төлөөд сурч байх. Иргэд талхаа хувааж авч байна гэдэг байсан. Тэгвэл өнөөдөр гэр хорооллын иргэд худгаас усаа зээлээр авдаг болсон байна. Иргэдийнхээ өр зээлээс нурууг нь хөнгөлөөд өг. Нас барсан иргэдийн ногдол ашгийг үр хүүхдэд нь өвлүүл" гэх байр суурийг илэрхийлсэн юм.

Тэгвэл өнөөдөр дахин хийж буй мэдэгдэлдээ ЭТТ-н ногдол ашгийг сар шинийн баяраас өмнө өгөхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ илэрхийллээ.

Харин ЭТТ компанийн хувьд 1072 хувьцааны ногдол ашиг тараах эсэхээ ирэх дөрөвдүгээр сард мэдэгдэнэ гэдгээ илэрхийлээд буй юм.

Тэгвэл энэ асуудлаар "Эрдэнэс тавантолгой" компанийн Үнэт цаас, санхүүжилтийн хэлтсийн Ахлах мэргэжилтэн Л.Ганболдоос тодруулсан юм.

Тэрбээр "Өнгөрсөн он буюу 2022 оны жил эцсийн тайлан одоо гарч дуусаж байгаа. Тайлан дууссаны дараа аудитаар шалгуулж, баталгаажуулдаг юм. Үүний дараа ТУЗ хуралдаж, дээрх тайлантай танилцана. ТУЗ хуралдсаны дараа хувьцаа эзэмшигчдийн хурлаар ногдол ашиг тараах эсэхийг шийддэг юм. Хувьцаа эзэмшигчдийн хурал 3-4 дүгээр сард болдог. Тэгэхээр тэр хугацаа хүртэл ногдол ашиг тараах эсэхийг урьдчилан хэлэх боломж байдаггүй" хэмээсэн билээ.