ОХУ-ын Монгол Улс дахь Элчин Сайдын Яам няцаалт гаргажээ.

Уг няцаалтанд: "No double standard" олон нийтийн хөдөлгөөн нь тус хөдөлгөөний идэвхтэй гишүүдийн нэг болох Э.Одбаяр тэргүүтэйгээр 2023 оны 2-р сарын 5-ны өдрөөс олон нийтийн сүлжээн дэх хуудаснуудаараа дамжуулан Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны болон одоогийн байдлаар Москва хотод байгаа Оросын дипломат төлөөлөгчийн газрын шинээр томилогдсон тэргүүн А.Н.Евсиков нарын нэр хүндийг гутаан доромжилсон нийтлэлийг тарааж эхлэв.

 

Энэхүү мэдээллээр тэд Оросын өндөр албан тушаалтай дипломатч нь «Монгол бол Оросын нутаг дэвсгэрийн нэг хэсэг» гэж хэлсэн мэт гүтгэлгийг тарааж байна.

 

Нийтлэлийг дагалдуулан видео бичлэг тавьсан байгаа ба уг бичлэгт нийслэлийн аль нэг ресторанд сууж буй орос хэлээр ярьдаг иргэдийн маргааныг хэсэгчлэн бичсэн байна. Бичлэгийг уулзалтад оролцож буй хүмүүсийн зөвшөөрөлгүйгээр буюу нууцаар хийжээ. Сайн сонсвоос тэд Украин дахь Оросын зэвсэгт хүчний цэргийн тусгай ажиллагаанд хэрхэн хандаж буй тухайгаа ярьж байгаа ба тэдний хэн нь ч «Монгол бол Оросын нутаг дэвсгэрийн нэг хэсэг» гэж хэлсэнгүй. Олон нийтийн эсэргүүцэл нэмэгдэж байгаатай холбогдуулан Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам нь олон нийтийн сүлжээгээр цацагдаж буй энэхүү худал мэдээллийг албан ёсоор няцаахаас өөр аргагүйд хүрээд байна. Олон нийтийн сүлжээнээс олж авсан материалыг шинжлэхэд ОХУ-ын ЭСЯ-ны итгэмжлэгдсэн ажилтнууд энэхүү интернетээр дэгдээж буй шуугианд ямар ч хамаагүй болох нь тодорхой байна.

 

Энэхүү нийтлэлийг Монголын олон нийтийн нүдэнд Оросын шинэ Элчин сайдыг гутаах, хоёр улсын уламжлалт сайн хөршийн, эрчимтэй хөгжиж буй харилцаанд сэв суулгах гэсэн тодорхой зорилготой өдөөн хатгалга гэж үзэж байна.

 

Бодит баримтыг илт худал гүтгэлгээс ялгаж салгаж чадах Монгол Улсын иргэдийн мэргэн ухаанд найдаж байна. Үүний зэрэгцээ бид оросуудыг, тэр дундаа найрсаг Монгол оронд байнга оршин сууж буй нутаг нэгт иргэдээ «улс төрийн троллууд»-ын өдөөн хатгалгад автахгүй, иймэрхүү «ток шоу» болон бусад зөрчилдөөнтэй нөхцөл байдлаас зайлсхийхийг уриалж байна." гэсэн байна.