УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, С.Одонтуяа, Т.Доржханд нар зөвлөлдөх санал асуулгын талаар Төрийн ордонд өнөөдөр мэдээлэл өглөө.

Зөвлөлдөх зөвлөлийн зохион байгуулалтад дэмжлэг үзүүлэх ажлын хэсэгт УИХ-д суудалтай гурван намын төлөөлөл багтсан нь энэ юм. 

ХҮН-ын бүлгийн дарга Т.Доржханд "Шинэ Үндсэн хуулийн асуудлыг огт гаргаж ирээгүй бөгөөд өнөөгийн зохицуулалтаар хийх боломжгүй.

Хоёрхон тохиолдолд:

  1. Хувьсгал, үймээн самуун гарсан үед
  2. Дэглэм буюу засаглал солигдох үед боломжтой. 

Гэхдээ Монгол Улсад хувьсгал, үймээн самуун гарахыг аль ч улс төрийн намынхан хүсэхгүй. Бид ямар Африк, Латин Америкийн орон байгаа биш.  

Мөн хэрэв манай улс хаант засаглалтай, эсвэл ерөнхийлөгчийн засаглалтай болсон үед Шинэ Үндсэн хуулийн асуудал яригдана. 

Тусгаар Монгол Улс ардчиллаа бэхжүүлээд явна гэвэл парламентын засаглалаа сайжруулахаас өөр аргагүй. Нэг хүний, нэг намын засаглалд орохоос бид зайлсхийх ёстой. 

Тэр агуулгаараа бид Шинэ Үндсэн хууль биш, харин тогтолцоогоо тордоод сайжруулаад явах шаардлагатай. Энэ хүрээнд манай нам Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийх нь зүйтэй гэдэг агуулгаар сүүлийн хоёр жил идэвхтэй ажилласан. 

100,000 гаруй иргэнээс гарын үсэг цуглуулж, 21 аймаг, есөн дүүрэг, 330 сумаар мэдээллээ тарааж байгаа. 

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр эдийн засгийн хараат байдлаа сайжруулъя, сонгуулийн тогтолцоо, парламентын ардчиллаа бэхжүүлье гэдэг талаар иргэдэд мэдээлэл хүргэсэн. Тэд таатай хүлээж авдаг. Өөрөөр хэлбэл, иргэдийн хүсээд байгаа зүйл нь өөрчлөөд өгөөч ээ гээд байгаа юм. 

Зөвлөлдөх уулзалтад манай нам ажиглагчаар оролцоно. Шаардлагатай тохиолдолд асуулт асуугаад дотор нь оролцоод явна. Санал асуулгын ажлын хэсгээс дүн мэдээг нэгтгээд яаралтай УИХ-д өгөөрэй" гэв.