Өмнөговь аймгийн иргэн Н.Баттунгалаг Зөвлөлдөх уулзалттай холбогдуулан байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр "Зөвлөлдөх уулзалтад оролцож байгаа хүмүүсийг унтаж байна гэсэн зүйл яригдаж байна. Бид нар жижиг бүлгүүдэд хуваагдсан. Миний хувьд гэхэд 31 дүгээр бүлэгт хуваарилагдсан. Нэг бүлэг дотроо 15 хүнтэй бөгөөд Хөвсгөл аймгийн адуучин залуу, хөгжлийн бэрхшээлтэй хүн, настай хүн ч багтсан. 

30 орчим минут зааланд суугаад жижиг хэлэлцүүлэг рүү ороод тухайн сэдвийн талаар ярилцдаг. Өглөө 06:30 цагт босоод, өдөр нэг хэсэг завсарлаад, орой 19:30 цаг хүртэл суусан. Бүлгийн хэлэлцүүлгийн үеэр хоол идсэн хүмүүс буцаад халуун заал руу орж байгаа юм. Хурганы арьсан дээлтэй хүмүүс халуун газар халууцаад бага зэрэг зүүрмэглэх тохиолдол гарч байсан. Үүнийг хүмүүс унтаж байна гээд буруу талаас нь сэвээд байна. Цахим орчинд иймэрхүү яриа гараад эхлэхээр бид нэгнээ шахаж эхэлсэн. Манай баг гэхэд дотроо хажуудахаа сэрээнэ шүү, унтаж болохгүй гэж ярьцгаасан. 

Эхний өдрийн хувьд хөдөөгөөс шууд гэнэт ороод ирсэн хүмүүс төвлөрөхгүй байсан. Гэтэл хоёр дахь хоногоос бүгдээрээ насаараа Төрийн ордонд ажилласан хүмүүс шиг байна шүү гээд инээлдсэн. Хоёр дахь өдрөөс бид сайн зүгширсэн гэдгийг хэлмээр байна. Санал асуулгад оролцож байгаа хүмүүс янз бүрийн л хүн байгаа. Монгол хүмүүс аливаа зүйлд дасан зохицох чадвар сайтай юм. 

Өнөөдөр ингээд ярьж байгааг бас ойлгуулж хэлэхгүй бол бэлдсэн хүмүүсээ яриулж байна гээд хардах байх. Өглөө байрлаж байгаа зочид буудалдаа цайгаа уух гэж байтал үйл ажиллагаатай гэсэн. Төрийн ордны гадна иртлээ юунд орж байгаагаа ойлгоогүй. Гэтэл нэг хүн залгаад ийм учиртай юм шүү, УИХ-ын даргатай хамт хоол идээд дараа нь хэвлэлийн хуралд оролцоно гэсэн. Ингээд л би хоол идчихээд хажуу талын өрөөнд сууж байгаад индэр дээр гарч ирээд ярьж байна. 

Миний хувьд гурван хүүхдийн ээж, залуу бизнес эрхлэгч. Гэртээ хүүхдээ хараад сууж байсан эмэгтэй ийм чухал зүйлд үгээ хэлж байгаа нь амьдрал баялаг гэдгийг харуулж байна" хэмээн ярилаа.